АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА 5 ДУГААР БАГИЙН ХОГИЙН ЦЭГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар багийн хуучин хогийн цэгийг цэвэрлэж байгаа ажлын явцтай танилцаж, холбогдох албаны хүмүүсийн санал хүсэлтийг сонслоо. 204 га энэхүү газрыг Сэлэнгэ аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн машин техник, шатахууны туслалцаагаар цэвэрлэж байгаа.
Аймгийн даргыг очих үед уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн техник бууж, “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын техник ажиллаж байлаа. 11 хоногийн хугацаанд нийт талбайн 50 орчим хувийг цэвэрлэсэн байв. Үлдсэн талбайг цэвэрлэж дуусахад 7 орчим хоног, машин техник хэрэгтэй байгааг Сүхбаатар сумын удирдлагууд танилцуулсан. Аймгийн даргаас энэхүү талбайг бүрэн гүйцэд цэвэрлэж дуусгах, шаардлагатай техникийг ахин авчирч, хяналт тавьж ажиллахыг МХГ-ын даргад үүрэг болголоо. Цаашид нарийвчилсан зураглал гаргаж, цэгцэлсэн цэгээ хэрхэн хамгаалж ажиллах тал дээр онцгой анхаарал тавьж ажиллахыг Сүхбаатар суманд үүрэг болголоо. Энэхүү хогийн цэгийг бүрэн гүйцэд цэвэрлэж дуусгаад Хонгорморьт 1-р багийн хогийн цэгийг цэгцэнд оруулна гэдгээ Засаг дарга тодотголоо.
Аймгийн төвийн эдгээр хогийн цэгүүдийг цэвэрлэхэд Сэлэнгэ аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн техникийн хүчийг бүрэн гүйцэд ашиглах учиртайг ч онцоллоо. Эдгээр аж хуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд ашиг тусаа өгөх ажлыг заавал хийх ёстой гэв. Аймгийн зүгээс эмхэлж цэгцэлсэн хорооллын энэхүү талбайд нийслэл хотын төв парк шиг цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлттэйгээр суурь ажлыг нь ийнхүү хийж эхлээд байна.