БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Сэлэнгэ аймгийн боловсрол, соёл урлаг, спортын салбарын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Осор, Сайдын ажлын албаны дарга, сайдын зөвлөх Ө.Сумъяабаатар, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд салбарын сайд салбарын өнөөгийн байдал, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв. Яамны зүгээс өнөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн давхардлыг арилгаж, багш сурагчдын хэн хэнийх нь хэрэгцээг хангасан шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх гэж байгаа талаар танилцууллаа. Энэ нь цоо шинэ хөтөлбөр биш бөгөөд байгаа дээрээ суурилсан, багш сурагчийн ачааллыг бууруулсан хөтөлбөр болохыг онцоллоо. Шинэчилсэн хөтөлбөрийг ирэх хичээлийн жилийн 9 дүгээр сарын 1-ээс мөрдөж эхлэхээр бэлтгэлийг хангаж байгаа ажээ.

Сайдын онцолж мэдээлсэн нэг зүйл нь цоо шинэ сургууль цэцэрлэгийг барьж байгуулахаас урьтаж одоогийн байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудыг нарийвчилсан судалгаан дээр үндэслэн нэг мөсөн их засварт оруулж, энэ салбарынхныг техник тоног төхөөрөмжөөр хангахыг зорьж байгаа явдал юм. Учир нь өнөөдөр улсын хэмжээнд ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, соёл, спортын байгууллагуудын барилгын насжилт өндөрссөн, засаж сэлбэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн нөхцөл байдалтай байгаа юм.

Уулзалтад оролцогсдын зүгээс сургуулиудын их засвар, цалин хөлсний нэмэгдэл, урлагийн байгууллагын мэргэжлийн уран бүтээлчдийн дутагдал зэрэг асуудлуудаар саналаа хэлж сайдаас хариултаа авлаа.  

Энэхүү орон нутгийн томилолтын зорилго салбарын ажиллагсадтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсох, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж, шинээр хэрэгжих сургалтын хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцоход чиглэгдлээ.