"ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ-НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ" ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Өнөөдөр органик хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ, анхан шатны болон дундын хоршооны хамтын ажиллагаа, нэгдсэн маркетинг, ложистикийг хэрхэн шийдэх талаар талуудын байр суурийг сонсож, санал авах зорилготой зөвлөлдөх уулзалт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд боллоо.

Уулзалтад орон нутгийн анхан шатны 30 хоршоо, Сэлэнгэ таван хайрхан дундын хоршоо, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны төлөөлөл оролцлоо.

Олон Улсын органик хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүдийн холбооны мэдээгээр органик хүнсний борлуулалт жил тутам нэмэгдсээр 2016 он гэхэд 90 тэрбум ам.доллар болж, 1999 онтой харьцуулахад 6 дахин нэмэгджээ. Өнөөдөр дэлхийн 181 оронд 68,9 сая га талбайд 2,9 сая тариалан эрхлэгчид органик үйлдвэрлэл эрхэлж байна. Энэ нь улс орон бүр органик хүнс үйлдвэрлэлд эрчимтэй шилжиж байгааг харуулсан үзүүлэлт.

Тиймээс манай улсын уламжлалт газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны ололттой хослуулан, хөрс, экосистемд ээлтэй, хүн амын эрүүл мэндэд ашиг тустай органик хөдөө аж ахуй эрхэлж, органик хүнс үйлдвэрлэлд шилжих цаг нь болсон. Ингэхийн тулд олон талын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл чухал нөлөөтэй бөгөөд Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй АДРА Монгол ОУБ-ын Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн үйл ажиллагаа үүнд чиглэж, тодорхой алхмууд хийж байна.

Дээр дурдсан төсөлд хамрагдаж буй Сэлэнгэ таван хайрхан дундын хоршооноос зөвлөлдөх уулзалтад оролцогч, органик хүнс үйлдвэрлэх зорилготой бусад хоршооддоо дундын хуримтлал үүсгэх, хамтран ажиллах гэрээ байгуулах санал танилцууллаа. Тус хоршооны үзэж байгаагаар, Сэлэнгэ аймгийн 11 сумын 30 анхан шатны хоршооны 876 гишүүн дундаасаа хөрөнгө босгосноор органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тариалалтаа нэмэгдүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, дундын хоршоо бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтыг бүрэн хариуцаж, хоршоодын гишүүд зөвхөн төмс, хүнсний ногоо тарих, сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлэх, зөгийгөө арчлах зэрэг өдөр тутмын ажилдаа гол анхаарлаа хандуулан, харилцан ашигтай хамтарч ажиллаж болно гэж үзэж байна.

Ингэснээр дундын өмчлөл бүхий органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтын цех, борлуулалтын цэг, агуулахтай болж, нэгдсэн маркетингаар хамтын баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан "Сэлэнгэ органик" брэнд бүтээгдэхүүнээр зах зээлд гарч, олсон ашгаасаа хувь хүртэнэ гэв.

Энэхүү ашигтай бөгөөд ирээдүйтэй саналыг “Хамтын баталгаажуулалт-нэмүү өртгийн сүлжээ” зөвлөлдөх уулзалтад оролцож буй хоршоодын дарга нар хүлээн зөвшөөрч, нэгдэх, хорших замаар харьцангуй бага өртгөөр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өмнөхөөсөө өндөр үр дүнтэй ажиллах цаг нь болсон гэдэгтэй санал нэг байв.

"Хамтын баталгаажуулалт-нэмүү өртгийн сүлжээ" зөвлөлдөх уулзалтыг АДРА Монгол ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслөөс Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгууллаа.