АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ РАШААНТ ТОСГОНД АЖИЛЛАЛАА
Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг 3 дахь өдрөө Орхонтуул сумын Рашаант тосгонд ажиллалаа.
Ажлын хэсгээс тосгоны захирагчийн ажлын алба, сургууль, эмнэлэг зэрэг төрийн байгууллагын ажил байдал, орчин нөхцөлтэй танилцаж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ ажил сайжруулах үүрэг чиглэлийг ч давхар өглөө. 

Рашаант тосгон 1800 гаруй хүн ам, 400 гарсан өрхтэй, үндсэн үйлдвэрлэл нь мал аж ахуй газар тариалан ажээ. Мөн төмөр замын өртөөтэй, түүнийг дагасан ажлын байр, ахуй амьдралын онцлогтой тосгон юм. Тосгонд хүн эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, банк, үсчин гээд үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг байгууллагууд бүгд бий. 

Шинээр 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдаж байлаа. Тосгоны ард иргэдээс ирсэн саналын дийлэнхийг хоёр төвийг холбосон замын асуудлыг шийдвэрлэх хүсэлт эзэлж байв.
Мөн шинэ цэцэрлэгийг түргэн хугацаанд ашиглалтад оруулах, дотуур байртай болох, 91-р км-т гүүртэй болох, гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, банкны АТМ-тэй болох, бэлчээрийн худгийг нэмэгдүүлэх, тосгоныг сумын төв болгох, хөдөөгийн малчдад хүрч үйлчилж хэвших зэрэг олон саналыг гаргасан байна.