АЙМГИЙН БАЯР НААДАМД Б.ОРХОНБАЯР ТҮРҮҮЛЖ, М.БАЯРБААТАР ҮЗҮҮРЛЭЛЭЭ

Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадамд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй нутгийн хүчитнүүд хүрэлцэн ирж барилдлаа. Сэлэнгэ нутгийн улсын цолтой бөхчүүдээс Н.Жаргалбаяр заанаас бусад нь ирж түмэн олноо баясгалаа. Хүчит 256 бөх барилдсан баяр наадмын үзүүр, түрүүнд Мандал сумын харъяат аймгийн арслан Н.Баярбаатар, Цагааннуур сумын харъяат өнгөрсөн жилийн түрүү бөх аймгийн арслан Б.Орхонбаяр нар үлдэж, Б.Орхонбаяр хөмрөх мэхээр түрүүллээ. Шөвгийн дөрөвт Хүдэр сумын Д.Баясгалан, Э.Хүдэрсайхан нарын шинэхэн харцагууд шалгарлаа. 
Б.Орхонбаяр ийнхүү аймгийнхаа баяр наадамд хоёр жил дараалан түрүүлж хурц арслан цолтон боллоо.