2019-2020 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Аймгийн Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, өвөлжилт, хаваржилтыг хохиролгүй даван туулах албан даалгаврыг гаргалаа. Албан даалгаврын хүрээнд:

           1.Сумдын Засаг дарга нарт

            1.1.Өвөлжилтийн бэлтгэл хангах, ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хэсгийг байгуулж, байгууллага, өрх бүрийг бүрэн хамруулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг 10-15 хоног тутамд дүгнэж, бэлтгэл сайн хангасан байгууллага, өрхийг урамшуулах, хангалтгүй ажиллаж байгаа байгууллага, иргэдэд хариуцлага тооцож нийтэд мэдээлэх арга хэмжээг зохион байгуулах

            1.2.Сумын халаалтын зуух, дулааны эх үүсвэрүүд, дулаан, усан хангамж, цахилгааны шугам, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангасан байдалд хариуцсан байгууллагуудаар үзлэг шалгалтыг сайтар хийлгэж, засварын ажлыг чанартай гүйцэтгэх, өвлийн түлшний хэрэгцээг төрөл, хэмжээгээр тооцон гаргаж бэлтгэн нөөцлөх

            1.3.Зам, талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай хэмжээнд нөөцөлж, цэвэрлэгээ, үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмын бэлэн байдлыг ханган, харьяалах нутаг дэвсгэрийн иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах

            1.4.Сумдад 2019 онд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж, гүйцэтгэлд нь хяналт тавьж тайланг сар бүрийн 05-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлж байх

           1.5.Мал сүргийг урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, тууралт, боловсруулалтад 2-оос доошгүй удаа хамруулах, бод малын ангилалтыг 8 дугаар сард багтаан дуусгах, малыг нэгдсэн бүртгэлд оруулах, ялган тэмдэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээг авч явцын байдалд хяналт-шинжилгээ хийх ажлыг сумын мал эмнэлгийн тасгаар хийлгэх

            1.6.2019-2020 оны өвөл, хаврын улирал цас ихтэй, хүйтэн, салхи шуургатай байх магадлалыг мэргэжлийн байгууллагууд гаргаж байгаатай холбогдуулан мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч хадлан, таримал тэжээлийг сайтар бэлтгэж хангуулах

            1.7.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 285 дугаар “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан сум бүр өөрийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх

            1.8.Отрын болон хадлангийн газрын нөөц, ашиглалтын талаар судалгаа хийж, малын отор нүүдлийн нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалт хийх талаар санал боловсруулж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлэх

            1.9.Сумын хэмжээнд ургацын урьдчилсан тогтоолт явуулах ажлын хэсгийг хөдөө аж ахуйн тасгийн агрономич, ахмад тариаланчдын оролцоотойгоор байгуулан 8 дугаар сарын 25-ны дотор зохион явуулж, дүнг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлэх

1.10.Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлтэд ажиллах техникийн засвар үйлчилгээг 8 дугаар сарын 25-ны дотор дуусгах, ургац хураалтад шаардагдах шатахууны нөөцийг бий болгох, ургац хүлээн авах үтрэм, зоорь, агуулахын засвар, цэвэрлэгээг  зааврын дагуу чанартай хийлгэж, гүйцэтгэлд хяналт тавих

1.11.Ургац хураалтын тээвэрт ашиглагдах зам, гүүрийн засварын ажлыг яаралтай эхлүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах

1.12.Үр тариа, төмс хүнсний ногооны ургацыг байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах, цаг уурын урьдчилсан мэдээгээр хангах, “Таримал ургамлыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах журам”-ыг хэрэгжүүлж, малыг хариулгатай болгох, малыг оройн цагаар заавал хашиж байх талаар арга хэмжээ авах

2.Төсвийн байгууллагын дарга нарт

2.1.Сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгыг өвлийн улиралд тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах стандарт хангагдаж байгаа эсэхэд мэргэжил арга зүй, хяналт зохицуулалтын дэмжлэг үзүүлж ажиллан сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгаж өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг гарган ажиллах

2.2.Хүйтний улиралд иргэд, малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн хүргэх боломжийг хангах, шаардлагатай эм, бэлдмэл, багаж хэрэгслийн нөөцийг бий болгох, эмнэлгийн түргэн тусламжийн машины бэлэн байдлыг ханган ажиллах

3.Төв суурин газрын дулаан, цахилгаан, усаар хангагч байгууллага, Зам тээвэр харилцаа холбооны газрын дарга нарт

3.1.Цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан, тэдгээрийн шугам сүлжээ, зам тээвэр, харилцаа холбооны газрууд урсгал болон их засварын  ажил үндсэн болон туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж, засварын хугацаанд ус, дулаан, цахилгааны хангамжаар байгууллага иргэдийг тасалдуулахгүй байж, зам хааж, засвар хийх болон инженер хангамжийн түр зогсолт хийх тохиолдолд графикт хугацаанд чанд мөрдөн ажиллах

3.2.Дулааны станц, халаалтын зуухнууд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд мод, нүүрс бусад түлшийг нийлүүлэх, тээвэрлэх, нөөцлөх ажлыг эрчимжүүлэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор  30-аас доошгүй хоногийн нөөцтэй байхаар тооцож бэлтгэх, цаашдаа өвлийн улирлыг дуустал тасралтгүй түлш нүүрсээр хангахыг тооцож бэлэн байлгахаар нүүрсний уурхай болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний мод, нүүрс бусад түлшний худалдан авах гэрээ байгуулах

3.3.Өвлийн оргил ачааллын үед гэмтэл гарсан газрыг тус тусад нь хэсэгчлэн хааж таслах, нийтээр нь ус, дулаан, цахилгааныг хааж хязгаарлахаас урьдчилан сэргийлэхийн тулд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ус дамжуулах шугам, дулааны станц, халаалтын зуухны агерат, түүний шугам сүлжээ дэх хаалт арматур, цахилгаан шугам сүлжээний автомат сэлгэн залгуур зэргийг сайтар засварлах

3.4.Төв суурин газрыг ус, дулаан, цахилгаан, холбоо мэдээллээр хангагч байгууллагууд нь өвлийн их ачааллын үед гарч болзошгүй эвдрэл гэмтлийн үед хэрэгцээтэй сэлбэг материалын хангалттай нөөцтэй байхаар тооцож ажиллах

3.5.Цаг агаарын хүндрэлтэй үед авто зам, замын байгууламж, даваа гүвээгээр авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллуулж засвар, арчлалтыг сайжруулан тогтмолжуулж ажиллах

4.Хариуцсан салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч, газар дээр нь ажиллан дүн мэдээг танилцуулж ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга /Б.Мөнхтөр/, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга /Б.Саруултөгс/ нарт

5.Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудад мэргэжлийн хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж, дүн мэдээг танилцуулж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга /Ж.Отгонхүү/-д

6.Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр байгууллага, малчид, тариаланчдыг тогтмол хангаж ажиллахыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга /М.Рэгзэдмаа/-д

7.Энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэхээр зохион байгуулсан ажил, арга хэмжээг нарийвчлан гаргаж дүнг нэгтгэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор аймгийн Засаг даргын Зөвлөлд танилцуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга /А.Эрдэнэгэрэл/-д даалгалаа.