Ж.САЙНЦОГ: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн өрнөж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ж.Сайнцогоос тодруулга мэдээлэл авлаа.

-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна. Аймгийн даргаас шуурхайлах, хариуцлагатай байх үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал сумдын бэлтгэл ажил ямар түвшинд явж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот “2019-2020 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” албан даалгавар батлагдан гарсан. Энэхүү албан даалгаврыг суманд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Алтанбулаг, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхонтуул, Хүдэр, Түшиг, Шаамар, Сант сумын халаалтын төвүүдийн бэлэн байдал бүрэн хангагдсан. Харин Баянгол, Ерөө, Мандал, Сайхан, Сүхбаатар сумын халаалтын зуух, шугам сүлжээний засварын болоод үйлчилгээ хийх, түлээ нүүрс татах ажил 50-80 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Орхон суманд төвлөрсөн инженерийн шугам сүлжээний ажлыг хийж дуусгалаа. Халаалтын төвийг хараахан бариагүй байна. Жавхлант сумын төвлөрсөн шугам сүлжээ, халаалтын төвийн барилга байгууламжийн ажил дуусаагүй байгаа тул 2019-2020 оны өвөлжилтийг байгууллага бүрийн хуучин зуухаар өгөх зохицуулалт хийгээд байна. Сант сумын төвийн цэвэр усны шугам сүлжээ муудсан, Цагааннуур, Ерөө сум, Бугант тосгоны халаалтын зуухнуудын утаа сорогч зэргийг түргэн шуурхай засварлах шаардлагатай байгааг аймгийн даргад уламжлаад байна. Сумдын халаалтын төвүүдийн нүүрс таталтын ажлыг эхлүүлсэн.

-Аймгийн төвд өвөлжилтийн бэлтгэл ажил хэр явцтай байна. Гол төв болсон дулааны станц маань бэлтгэлээ хэр базааж байна вэ?

-Аймгийн төвийн халаалт дулааныг “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ хариуцан ажиллана. Засварын ажил хэвийн үргэлжилж байна. 3000 тонн  нүүрсний нөөцтэй байна.

-Байгууллага, оршин суугчдын тухайд цэвэр усны асуудал нэлээд гардаг. ”Урсгал ус” ХК-ийн засвар үйлчилгээний ажил ямар шатанд явж байна?

-“Урсгал ус” ХК нь нийт 36 ажил төлөвлөснөөс 23 ажлыг хийж 73.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Цэвэр усны худаг дулаалга, ус түгээх худгуудын засвар үйлчилгээ, эх үүсвэрийн нэг худгийн цахилгаан хангамж, 2-р өргөх станцын цахилгаан хөдөлгүүрийн засвар зэрэг үлдсэн ажлуудыг  9,10-р сард хийж дуусгахаар төлөвлөсөн байгаа.

-Цахилгаан хангамжийн тухайд бэлтгэл ажил ямар байна?

-“ДСЦТС” /Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ/ ХК цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөө, дагалдах тоноглолын засварын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй явна. Шаамар сумын Дулаанхаан тосгоны тэжээлийн төв шугам “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын доогуур огтлолцон орсон. Эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээ хийх боломжгүй хүнд нөхцөл байдал үүсдэг тул тус шугамыг агаараар татах саналаа “Болдтөмөр Ерөө гол” ХХК-д хүргүүлэн зөвшилцсөний үндсэн дээр зураг төслийн ажлыг хийж байна.

-Зам засварын ажлуудыг ямар хэмжээнд хийж байна вэ?

-“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК авто зам гүүрүүдийн урсгал засварыг хариуцан ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай явна. Арангатын даваан дээр 8 хүний бүрэлдэхүүнтэй гурван төрлийн машин механизмтай шуурхай хэсэг байрлан бэлэн байдлыг хангаж байна. Өвлийн онцгой нөхцөлд зам даваан дээр хэрэглэх хуурай дайрга, шороо-300м3, давс, цас хайлуулах бодис зэргийг нөөцөлсөн.