ХҮДЭР СУМАНД “ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн сумдын Засаг дарга нарын “Зөвлөлдөх уулзалт” арга хэмжээ Хүдэр суманд боллоо. Энэ удаагийн “Зөвлөлдөх уулзалт”-аар Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явц байдлын талаар сум тус бүр мэдээлэл хийж, харилцан ярилцаж, хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутагт хамааралтай зорилтуудыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, жил бүрийн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нарийвчлан төлөвлөж хэрэгжүүлж байна. Сэлэнгэ аймагт хамааралтай нийт 153 зорилтын 318 арга хэмжээ байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр 3 бүлгийн 197 зорилттойгоор боловсруулагдан хэрэгжиж байна. Тус хөтөлбөрт нийт 39 баримт бичгийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэхээр тусгаснаас 2019 оны хагас жилийн байдлаар 31 баримт бичгийг батлуулж, хэрэгжилтийг эхлүүлээд байна. Хөтөлбөрийн хэрэгжилт 2019 оны хагас жилийн байдлаар 81,8 хувийн гүйцэтгэлтэй байна.  

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдсан Хүдэр сумын ЗДТГ-аас олон жил орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байгаа 12 өрх толгойлсон эмэгтэйд тугалтай үхэр авч өгч малжуулсан байна. 2018 онд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар явган хүний зам тавих, эрүүл мэндийн төвийн лабораторийн тоног төхөөрөмж авах, мал угаалгын ванн барих, соёлын төвийн номын сангийн тоног төхөөрөмж, 2-р багийн трансформатор шинэчлэлт, ахмадын байр, иргэний танхимын тохижилт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Аймгийн хөрөнгө оруулалтаар Тарвагатай 1-р багт 0,4кв-ын магистрал шугам татах, гудамж, гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил хийгдээд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЗДТГ-ын өргөтгөл баригдаж ашиглалтад ороод байна.