СҮХБААТАР СУМЫН 8 ДУГААР БАГТ БАЙРЛАХ ТӨМӨР ЗАМЫН 25 ДУГААР КМ ДЭХ ГАРМЫГ ХААХ ШИЙДВЭРИЙГ ЗТХЯ-НААС ГАРГАЛАА

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах төмөр замын 25 дугаар км дэх гарам нь 60 гаруй жил ашиглагдаж байгаа гарам болохыг тус багийн иргэд ярьж байлаа. УБТЗ-ын хойд чиглэл дэх 25 дугаар км-ийн энэхүү гармыг Монгол Улсын ЗТХЯ-ны шийдвэрээр 2019 оны 11-р сарын 1-ний өдрөөс  эхлэн бүр хаахаар болоод байгаа юм. Тус гарам нь төмөр зам, авто замын огтлолцлын цэгт оршдогоороо онцлогтой. УБТЗ-ын зүгээс гарам дээр дөрвөн эгнээ шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр өнгөрсөн сарын 24-ний өдрөөс түр хаасан байсан ч салбарын яамны шийдвэрээр бүрмөсөн хаах болсонд оршин суугчдын зүгээс бухимдалтай байна.

Сүхбаатар сумын Засаг даргын орлогч Б.Отгонзаяа: ЭНЭ ОРЧИНД 90 ГАРУЙ ӨРХ, 400 ОРЧИМ ИРГЭН АМЬДАРДАГ

”Бидэнд аймаг, сумаар дамжин 10-р сарын 24-27-ны өдрүүдэд 25-р гарам дээр зам засварын ажил хийнэ гэсэн албан тоотыг төмөр замын байгууллагаас ирүүлсэн. Тус албан тоот түр хаагаад буцаагаад нээнэ гэсэн утгатай байсан. Иймээс бид олон улсын чанартай төмөр зам дээр засвар хийж байгааг хүлээн зөвшөөрч, ажлаа саадгүй хийх нөхцөлөөр хангаж өгсөн. Гэтэл одоо эсрэгээр энэ гармыг бүрмөсөн хааж, иргэд зорчих боломжгүй мэдээллийг өглөө. Энэ талаар иргэдээс маш их санал гомдол ирж байна. Манай 25-ын гармын энэ орчинд 90 гаруй өрх амьдардаг. Энэ хэмжээгээр 300-400 иргэний асуудал энд хөндөгдөж байгаа юм. Энд ихэвчлэн өндөр настай ахмадууд, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэд амьдардаг. Гармыг хаачихлаар эдгээр хүмүүс маань хаа байсан 10 км-ээр тойрч, бойны тохойн гармаар дамжаад явах  болж байна. Энэ зам маань жижиг тэрэг явахад хүндрэлтэй, намаг дундуур байрлалтай ийм зам. Унаа машинтай нь ингээд яваад ирлээ гэхэд машингүй хүмүүс нь яах вэ? 2 кг төмс, 20 кг гурилаа аваад гэртээ ирэхдээ 10 мянган төгрөг төлж таксинд сууж ирэх болж байна. Энэ нь иргэдийн амьдралд маш хүндээр тусч эхэллээ. Арай наахнуур нэг гүүр байдаг. Энэ гүүрэн доогуур машин гарч яваад кастро цөмлөсөн гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Хүмүүс товчлоод арай наана байгаа гол урсгаж гаргах зориулалттай гүүрээр гарч энэ мэт эрсдэлийг хүлээгээд байгаа. Сумын барьж байгаа байр суурь бол энэ гармыг нээж ажиллуулах. Мэдээж үзэгдэх орчин хязгаарлагдмал гэсэн олон болохгүй нөхцөл байгаа юм байна. Гэхдээ энэ талаар эрт бидэнд мэдэгдсэн бол иргэддээ хандаад зөв мэдээлэл өгч, УИХ-ын гишүүддээ хандаад зарим асуудлаа шийдэж болох байлаа. Ямар ч бэлтгэлгүйгээр, иргэдэд мэдээлэлгүйгээр, төр захиргааны байгууллага нь хүртэл мэдээлэлгүйгээр энэ асуудал шийдэгдлээ. Иргэдийн сэтгэл зүйн бэлтгэл хангагдаагүй, бид төсөв санхүүгийн хувьд ямар ч боломжгүй байна. Хоёр талдаа пост ажиллуулаад дахин ажиллуулж болохгүй юм болов уу. Хамгийн гол нь иргэд асуудлаа шийдээгүй байна.

Энэхүү гарам хаагдсан нь тус багийн иргэдэд хүндээр тусч байгаа юм. Тухайлбал эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын яаралтай тусламж дуудахад, мөн иргэд ямар нэгэн ажлаа амжуулахаар төв орохдоо намаг шалбааг, дов сондуул ихтэй замаар 10 гаруй км тойрч явах болоод байгаа. Түүнчлэн тус гармаар гарч үйл ажиллагаагаа явуулдаг “Урсгал ус” ОНӨААТҮГ, иргэдэд цаг хугацаа алдах, хөрөнгө санхүүгийн ихээхэн алдагдалд хүрэх болж байгааг ярьж байв.

“Урсгал ус” ТӨААТҮГ-ын захирал А.Алтансүх: ЦАГ ХУГАЦАА САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛ УЧИРЧ БАЙНА

-Манай байгууллага Сүхбаатар хотыг усаар хангадаг. Манай байгууллагын төвлөрсөн авто гарааш, контор энэ гармын наад талд байдаг. Үүнийг хааснаар өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг манай байгууллагын усны хоёр машин, нүүрсний 3-4 машин, аваар осол гарлаа гэхэд тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүд бүгд энд байж байна. Энэ намгаар гарах ямар ч үндэслэл байхгүй. Шугам хоолой хагарлаа гэхэд том экскаватор кранууд энэ намгаар зорчих ямар ч боломж байхгүй. Зөвхөн ажлаа гүйцэтгэхэд нэг машин 10 км тойрч яваад ажил дээрээ ирж өдрийн ажлаа гүйцэтгэж байна. 10 км-ийн цаана зөвхөн нэг машины зардал хэд байх уу. Шатах тослох материал, өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, материалын үнэ өдөр ирэх тутам өсч байна. Энэ хэрээр зардал нэмэгдэж байна. Аж ахуйн нэгжид ийм хүндрэл ирж байхад өрх гэрт мөн адил. Цаг хугацаа санхүүгийн хүндрэл учирч байна. Эртнээс хоёр тал хоорондоо хэлэлцэж, ард, иргэд албан байгууллагуудаа зохицуулах байсан. Манай явган ажилчид вагон доогуур шургаж байна. Үүний цаана хүний амь нас бий. Цаашлаад гал гарах, эмнэлэг дуудах гээд эрсдэлүүдийг тооцох учиртай.

Иргэн Д.Жаргалсайхан: ”Сэлэнгийн Сүхбаатар сумын нутгаар МТЗ дамжин өнгөрч, 25-р км нэг зуут дээр автогарам дохиололтойгоор ажилладаг юм. Энэ газарт төмөр замын өргөтгөл хийж, уг гармыг хаалаа. 25-ын тосгоны айлууд машин нь явахад хүндрэлтэй боллоо. Мөн зүтгүүрийн депо, ПТО, ус сувгийнхан гээд 3-4 байгууллагын ажилд муугаар нөлөөлж эхэллээ. Аймаг сумын удирдлага огтоос зөвшөөрөхгүй байсан ч ЗТХЯ-наас зөвшөөрөл авч уг гармыг хаасан нь буруу шийдвэр юм. Замын 1-р анги гармын дөрвөн жижүүр ажиллуулах байсан ч тэр асуудлаа шийдэж чадахгүй ийм байдалд хүргэсэн гэж ойлгож байгаа. Уул нь зөвөөр шийдэх гарц боломж байж л байна. Төмөр замын удирдлага энэ буруу шийдвэрээ цуцалж, авто гармыг жижүүртэй болгож өгнө үү гэж энд оршин суудаг ард олон хүсэж байна” гэлээ.

Мөн тус багийн иргэн  Л.Шаалуу: ”Манай энд 90 гаруй айл байдаг. Би энд 40 гаруй жил амьдарч байна. Хүмүүсийн амьдрал бүгд хаагдлаа. Сургууль, цэцэрлэг гээд. Бидний амьдралд төр засаг ингэж хатуурхаад яана вэ? Ингэж хохироож юу хийнэ вэ?” хэмээв.

Иргэн Л.Өлзийбат: ”Гарам хаагдлаа. Бид таксигаар явлаа гэхэд эдийн засаг хэцүү байна. Хоёр мянгаар явдаг байсан. Одоо 10 мянгаар явдаг боллоо. Хэн бидэнд мөнгө өгөх вэ тэтгэврийн хөгшчүүлд. Сургуулийн хүүхдүүд өглөө бүр таксигаар явна гэж байхгүй шүү дээ. Эмнэлгийн түргэн тусламж, гал гарах гээд орчлонг тойрч явсаар байтал их хэмжээний хохирол учирна шүү дээ. Бид 40 гаруй жил энд амьдарсан. Ямар ч осол гарч байгаагүй. Хүмүүс амьдарч зохицоод болоод л ирсэн. Манай энэ урд тал цул намаг байдаг. Үүнийг гарамтай болгож өгөх нь чухал байна. Хоёр талдаа хаалгатай болгоод дохиоллоор ажиллуулаад, жижүүр ажиллуулаад болж л байсан шүү дээ” гэлээ.

Улаанбаатар төмөр замын Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн: ЯВГАН ЗОРЧИГЧДОД ЗОРИУЛСАН ГАРЦЫГ ОРОН НУТГИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ЯРИЛЦААД ШИЙДНЭ

“25-р км-ийн гармыг хаах тухай 2015 оны 03-р сарын 24-нд Монгол Улсын Зам, тээврийн яамнаас удирдамж гарч шалгалт хийгээд энэ гармын өөрийн нөхцөл, тавигдах шаардлага, норм, дүрэм, журмуудыг хангахгүй байгаа учраас 28-р км дээр нүхэн гарцыг байгуулж, 25-р км-ийн гармыг хаа гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй уялдаад Улаанбаатар төмөр зам, орон нутагтай хамтраад 28-р км дээр нүхэн гарцыг бий болгосон. Дараа нь энэ шийдвэрийн дагуу Улаанбаатар төмөр замаас энэ 25-р км-ийг хаах ёстой. ЗТХЯ-наас холбогдох мэргэжилтнүүд, улсын байцаагч нар оролцоод тухайн гармыг хаа гэдэг үүргийг өглөө. Үүний цаана яг ямар асуудал байгаа вэ гэхээр тухайн гарам маань хоёр талаасаа тахир тойруу ихтэй, үзэгдэх орчин хангагдаагүй, Сэлэнгэ аймгийн төвөөс ирж байгаа зам маань дөрвөн зам дамнасан байдаг. Ийм дөрвөн зам дамнасан тохиолдолд тухайн гармыг ашиглах боломжгүй гэсэн Монгол Улсын ЗТХ-ийн сайдын 2017 оны 07-р сарын 16-ны өдрийн дугаар №147 гэсэн гарам ашиглах журам дээр заасан байгаа. Бид үүнийг мөрдөн ажилладаг. Орон нутагтайгаа зөвшилцөөд энэ 25-р хэсэгт амьдардаг 100 гаруй өрхөд гарах тодорхой хэсгийн түр замыг барьж байгуулсан. Цаашдаа орон нутгийнхаа удирдлагуудтай хамтраад байнгын зорчих замыг барьж байгуулах дээр хамтран ажиллая гэсэн тохиролцоон дээр хүрч байна. Он гарсаар энэ гарам дээр гурван удаагийн зөрчил гарсан. Энд авто машинтай хүмүүс галт тэрэгний урдуур, гармын урдуур өнгөрч яаралтай тоормоз хийлгэсэн тохиолдол байгаа. Энэ маань цаанаа хүний амь настай холбоотой маш том эрсдэл. Хүний амь нас бол хамгийн үнэтэй зүйл. Иймээс бид төр захиргааны төв байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Явган зорчигчдод зориулсан гарцыг орон нутгийн төр захиргааны байгууллагатай ярилцаад шийднэ. Орон нутгийн шийдвэр саналыг бид хүлээж авна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн 1-р хэсгийн оршин суугчдад хүйтний улирал ирж буй энэ үед гарам хаасан нь ихээхэн хүнд цохилт боллоо. Тус багийн иргэдийн дийлэнх нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг ажээ.