“УДИРДАХ АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн ИТХ-д сумаас сонгогдсон төлөөлөгч, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс агентлагийн дарга нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр “Удирдах ажилтны мэдээллийн цаг” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Удирдах ажилтны мэдээллийн цаг” арга хэмжээн дээр Адуитын газар, УЦУОШТ, ОБГ, ЭМГ зэрэг агентлагууд цаг үеийн ажил байдлын талаар мэдээлэл хийж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог “Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа ажил арга хэмжээний танилцуулга, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа төрийн албаны ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулж авах тухай мэдээллийг өгөв.

Аймгийн Засаг даргаас 2016-2020 онд хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллахыг онцлон тэмдэглээд аймгийн Аудитын газраас өгсөн зөвлөгөө мэдээллийн дагуу ямар нэг төсвийн алдаа эндэлгүй ажиллах ёстойг сум, хэлтэс агентлагийн удирдлагуудад хатуу анхааруулав. Мөн 12 дугаар сард тэмдэглэхээр төлөвлөөд байгаа атар газар эзэмшсэний 60 жилийн ойн арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо.

“Удирдах ажилтны мэдээллийн цаг” арга хэмжээний дараа аймгийн Засаг дарга Ш.Оргил 17 сумын Засаг даргыг тухайн сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн хамт сум нэг бүрээр нь хүлээн авч уулзан, орон нутагт хэрэгцээ шаардлагатай байгаа ажлуудын талаар сонсож, ирэх оны төсөвт ямар ажлыг оруулахыг нэг бүрчлэн ярилцлаа.