Ш.ОРГИЛ: 1 ДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ДУЛААНЫ ҮНЭ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ДЭЭР НЭМЭГДЭЖ ОЧИХГҮЙ ГЭДГИЙГ ХАРИУЦЛАГАТАЙГААР ХЭЛЬЕ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил дулааны үнийн нэмэгдлийн талаарх асуудал дээр байр сууриа илэрхийллээ.
-“Юуны түрүүнд дулааны үнийг нэмүүлэхгүй гэдгээ хэлье. Энэ асуудлын талаар гомдол санал багагүй ирсэн. Энэ бүхэнд аймгаас барьж байгаа эрчим хүчний бодлогын талаарх байр сууриа би илэрхийлсэн. Ер нь бол дулааны үнэ нэмэгдэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгтэй байгаа. “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын байр байдлыг та бүхэн сайн мэднэ. Ажилчид нь ямар нөхцөл байдалд ажиллаж, ямархуу цалин хөлс авч байгаа билээ... Эрчим хүч хэрэглэж байна, үнэ нь нэмэгдсэн. Шатахуун, түлш үнэ нь нэмэгдсэн гээд асуудлууд бий. Энэ бол хоёр талдаа ойлголцох асуудал. Миний хувьд “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын захирлын ажлыг 8 жил хийсний хувьд зовлон жаргалыг нь сайн мэднэ. Тиймээс ч дулааны үнэ нэмэгдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Бусад түүхий эдүүд нь нэмэгдээд байхад... Зах зээлийнхээ зарчмаар явах учиртай. Шууд 50 хувь нэмэхээр, УИХ хуралдаад төсвөө баталчихсаны дараа оруулж ирлээ. Энэ алдагдлыг аж ахуйн нэгжүүдээс авна гэж байхгүй. Тийм ойлголт байж болохгүй. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд төрийн байгууллагуудын төсөв УИХ-р батлагдчихсаны дараа энэ шийдвэр гарлаа. Үүнийг аймгийн зүгээс үгүйсгэж байгаа юм. Нэмэхдээ тооцоо судалгаатай 5, 10 хувь гэх мэтээр нэмэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Нэг аж ахуйн нэгж сард 5 сая төгрөг төлж байлаа гэхэд нэмээд 2,5 сая төгрөг төлөхөөр болж байгаа нь хэцүү шүү дээ. Том дулааны станцууд эрчим хүчний зохицуулах хороонд харьяалагддаг. Монгол Улсын эрчим хүчний бодлого гэж байна. Нэгэнт алдагдалтай ажиллаж байгааг нь Эрчим хүчний яам, тамгын газар бүгд мэдэж байгаа болохоор улсын төсөвт суулгаж өгөөд, гарч байгаа алдагдлыг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүйгээр авч явах ёстой. Энэ утгаараа дулааны үнэ нэмэхийг дэмжсэн бичгээ зун явуулсан. Дулааны станцаа олигтойхон ажиллуулчихвал, иргэд аж ахуйн нэгжүүд халаалт дулааны үнээ цаг хугацаандаа өгч, өр авлага багатай ажиллах учиртай. Өнөөдөр бид нар 50 хувиар нэмүүлэхгүй гэдэг албан бичгээ явуулж байна. Тэгэхээр 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дулааны үнэ аж ахуйн нэгжүүд дээр нэмэгдэж очихгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.