АГААРЫН ХӨЛГИЙН АНХНЫ НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд ИНЕГ-ын бага оврын агаарын хөлөг анхны бууж, хөөрөх нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. Нэг удаадаа 10 хүнийг тээвэрлэх боломжтой тус агаарын хөлөг 4-р багийн нутаг ПСМК-д тусгайлан зассан зам дээр газардлаа.
Агаарын хөлгийг хөөрч, буух бэлтгэл ажлыг аймгийн ЗДТГ, ИНЕГ-тай хамтран 11 дүгээр сараас хангаж эхэлсэн. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, Нисэх буудлуудын удирдах газрын Дотоод хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн И.Амарсанаа нар Сэлэнгэ аймагт хэд хэдэн удаа ажиллаж, аймгийн Засаг дарга Ш.Оргил болон ЗДТГ-ын албаны хүмүүстэй уулзан заавар зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Уулзалтуудаар ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас, хашаа хамгаалалт барьж байгуулах, нисэхийн мэдээллийн ажилтан бэлтгэхээс гадна бусад шаардлагатай асуудлууд дээр харилцан тохиролцсон.

Анхны нислэг амжилттай болсон тул ирэх 1 дүгээр сараас хамтран ажиллах гэрээг байгуулж, нислэгийг тусгай захиалгат тулгуурлан хийх боломж ийнхүү бүрдэж байна. Ийнхүү Сэлэнгэ аймаг авто зам, төмөр зам, агаарын замтай дэд бүтцийн хувьд онцгой бүс нутаг боллоо.
Сэлэнгэ аймагт бага оврын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас байгуулагдснаар эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд цаг нарыг нь хэмнэх, эрэн хайх, авран туслах нислэгийн үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүл, зорчигч, ачаа, шуудан тээврийн нислэгийг эхлүүлэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байна.