АЙМАГ, СУМДЫН УДИРДЛАГУУД ЦАХИМААР ХУРАЛДАЖ, 2020 ОНД БОЛОН ҮҮСЭЭД БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АНХААРЧ АЖИЛЛАХ АСУУДЛУУДАА ТОДОТГОЛОО

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн өргөтгөсөн хурлыг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, 17 сумын Засаг даргын Тамгын газрыг хамруулан цахимаар зохион байгууллаа. Энэ удаагийн хуралдаанаар:

НЭГ. Сэлэнгэ аймаг 2020 оныг аймгийн хэмжээнд "ИРГЭНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгосон бодлогын зорилт дэвшүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан сум, агентлагууд өөр өөрийн байгууллага, сумын онцлогт тохирсон хийх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх.
Сумын Засаг даргаас аймгийн Засаг даргатай 2020 онд хамтарч хэрэгжүүлж ажиллах гэрээний үүргээ ханган ажиллах.
Мөн Хууль хяналтын, Байгаль орчны, Боловсролын, Газрын, Мэргэжлийн хяналтын, Хүнс, хөдөө аж ахуйн, Статистикийн, Эрүүл мэндийн, Улсын бүртгэлийн салбарын хэмжээнд 2020 онд хэрэгжүүлэх бодлогын зорилтуудыг 17 сумын Засаг дарга нарт танилцуулж, сум орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахад анхаарч ажиллахыг даалгалаа.

ХОЁР. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай хурлыг 17 сумын Онцгой комиссын дарга буюу сумын Засаг дарга нарыг хамруулан зохион байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын албан даалгавар, захирамжийн заалт бүрийг орон нутгийнхаа нутаг дэвсгэрт бүрэн хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР