ХАРАМСАЛТАЙГААР ЭНДСЭН ГУРВАН ОХИНЫ ААВ, ЭЭЖИД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОЛОО
Энэ сарын эхээр Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байсан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Н.Алтанзулын бага насны гурван хүүхэд харамсалтайгаар эндэж гэр бүлд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиосныг түмэн олноороо мэдэж байгаа.
Аймгийн Засаг дарга Ш.Оргил тэдгээр хүүхдүүдийн аав ээж болох Г.Чинбат, Н.Алтанзул нарт буцалтгүй тусламж болгон 3.0 сая төгрөгийг өгч, охидын хойдын буянд дэм үзүүллээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил:”Эндсэн амь, шархалсан зүрхийг эдгээх, харьцуулах юм гэж юу байх билээ. Үнэхээр их гашуудан харамсаж байгаагаа хувиасаа, гэр бүлээсээ, баг хамт олныхоо өмнөөс илэрхийлье. Сэтгэлийн хаттай байж ахиад олон сайхан үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болно гэдэгт итгэлтэй байна. Аймгийн зүгээс туслаж болох боломж бүхнээрээ туслаж дэмжих болно” гэлээ. Мөн хамгийн чухал зүйл бол сайн сэтгэл зүйчтэй уулзаж сэтгэл зүйгээ засах гэдгийг ч тодотгож, энэ тал дээр туслаж болно гэв. Аймаг орон нутагтаа ирж ажиллаж амьдрах хүсэл эрмэлзлэлтэй бол ажилд орох, амьдрах орчин нөхцөлд нь ч дэм болно гэдгээ аймгийн дарга илэрхийллээ.
Буцалтгүй тусламж гардуулахад аймгийн Засаг даргын орлогч, Зүүнбүрэн сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ж.Сайнцог байлцлаа.