ЭНЭ АЮУЛТ ӨВЧНИЙГ ЭХ ОРОНДОО ОРУУЛАХГҮЙ БАЙЖ ХАМТДАА ЯЛАН ДИЙЛЭХЭД ИРГЭДИЙН УХАМСАР, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАЛ МАШ ИХ ЧУХАЛ
Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 02 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
-Та бүхэндээ оройн мэндийг хүргэе. Одоогийн байдлаар тусгаарлагдсан хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн шинжилгээний хариу ирээгүй байна. ОХУ-аар дамжин ирж байгаа иргэдийг хүлээж авч байгаа асуудал дээр хүмүүс олон янзын байр сууриа илэрхийлж байна. Бид хуулийн хүрээнд Монгол Улсынхаа иргэдийг эх оронд нь хүлээж авах ёстой. Харин эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа гэдэг утгаар нь урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг эрчимтэйгээр, өндөр түвшинд явуулж байгааг ард иргэд ойлгох хэрэгтэй.
Аймгийн Онцгой комиссоос Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомт болон Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ байгуулж, байнгын ажиллагаанд оруулан хяналт тавин ажиллаж байна. Мөн Алтанбулаг боомтоор зорчин ирж буй иргэдээс “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг бөглүүлж, асуумж судалгаа аван тандалт хийж, зорчигчийн биеийн халууныг Ti-50 маркийн суурин термокамер, духны термометрээр, шаардлагатай тохиолдолд суганы термометрээр дахин үзэж баталгаажуулж байна.
Цаашид Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулахад дараахь хүндрэлтэй асуудлууд гарах нөхцөл байдал ажиглагдаж байна.
-Хүний нөөц буюу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүрэлцээ хангамж.
-Тусгаарлагдаж байгаа хүмүүсийг тээвэрлэх, байрлуулах, эмнэлгийн тусламж үзүүлэх, эмч эмнэлгийн ажилчдын 1 удаагийн хамгаалах хэрэгсэл, шаардлагатай эм хэрэгсэл, тусгаарлах өрөөний бэлэн байдал зэрэгт зарцуулагдах хөрөнгө санхүүгийн нөхцөл байдалд хүндрэл учрах хандлагатай байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн олдоц муу байна.
Тиймээс энэ аюулт өвчнийг хамтдаа ялан дийлэхэд иргэдийн ухамсар, хариуцлагатай байдал маш их чухал. Улсын хилээр орж ирж байгаа иргэд зорчсон газраа үнэн зөвөөр мэдүүлэх нь таны иргэний үүрэг шүү гэдгийг онцлон тэмдэглэж хэлье. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд ОХУ болон бусад улс орон руу зорчихгүй байхад анхаараарай.
Энэ дашрамд зарим байгууллагаас дэмжлэг үзүүлж байгаад талархалаа илэрхийлье. Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Сэлэнгэ Нэгдсэн хөтөлбөрийн газраас урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр зурагт хуудас, 320 өрхөд хүнсний тусламж, ариун цэврийн хэрэглэл, Мандал сумын хүн эмнэлэгт хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, амьсгалын аппарат, кварц зэрэг тоног төхөрөөмж, орон гэргүй 15 өрхөд иж бүрэн таван ханатай гэр олгосон байна. Мандал сумын “Спирт бал бурам”ХК ариутгал халдваргүйжүүлэлтэд зориулан 3 дугаар зэргийн спиртийг олгохоор боллоо.
Ийм хүнд үед ард иргэддээ туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа эдгээр байгууллагуудад аймгийн зүгээс талархалаа илэрхийлье.