4 ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА

Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 02 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
-Та бүхний энэ өдрийн амар мэндийг айлтгая. Өнөөдрийн мэдээллээ сайхан мэдээгээр эхэлж байна. Улаанбаатар хот руу явуулсан 4 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Сошиал орчноор яваад байсан мэдээ худал мэдээлэл гэдэг нь үүгээр батлагдаж байна. Улсын Онцгой комиссын 11 цагийн мэдээллээр та бүхэн сонссон байх.
Солонгосоос ОХУ-аар дамжин ирж байгаа иргэдээ хүлээн авахаар автобус гаргаж 02 дугаар сарын 28-нд Эрхүү хот руу явуулснаа өмнөх мэдээлэлдээ та бүхэнд хэлж байсан. Энэ иргэд маань сая Алтанбулаг боомтоор орж ирээд тухайн сумандаа зориулан бэлтгэсэн байранд тусгаарлагдаад байна.
02 дугаар сарын 28-ны оройн 22:20 цагт Сүхбаатар боомтоор ОХУ-ын Эрхүү хотоос Улаанбаатар чиглэлд аялах 306 дугаар галт тэрэг 6 вагон 88 зорчигчтойгоор Сүхбаатар боомт дээр ирсэн. Үүнд: Монгол Улсын-56, ОХУ-ын 20, Индонезийн-3, Нидерландийн-4, Францын-3, АНУ-ын 1, Герман улсын-1 иргэн зорчиж байсан. Эдгээр зорчигчийн биеийн халууныг хэмжин “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг бөглүүлж асуумж судалгаа аван тандалт хийх явцад Монгол Улсын 4 иргэн нь Улаанбаатараас голомттой бүс нутаг болох Солонгос Улсын Инчеоны нисэх буудлаар дамжин Тайландад 10 хоног аялаад ОХУ-аар дамжин ирсэн нь тогтоогдсон тул бид тусгаарлаж, Улсын нийслэл рүү оруулахгүй байх арга хэмжээг авлаа. Иргэд та бүхэнд тодотгон хэлэхэд энэ 4 иргэнээс ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй зөвхөн Солонгос Улсын Инчеоны нисэх буудлаар дамжин ОХУ-д саатсан гэдгээр нь сэжигтэй хавьталд тооцон тусгаарласан гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ иргэдийн шинжилгээг өнөөдөр Улаанбаатар хот руу явуулна.
Алтанбулаг боомтоор: ОХУ-руу 46 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс Монгол Улсын иргэн 41, гадаадын 44, нийт 85 зорчигч байна. ОХУ-аас Монгол Улс руу 52 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс Монгол Улсын 54, гадаадын 3 нийт 87 зорчигч нэвтэрсэн байна. Зорчигчдын биеийн халууныг хэмжин 87 зорчигчоос эрүүл мэндийн мэдүүлэг авсан. Халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй.
Дэлхий нийтээрээ цочролд ороод байгаа энэ үед Монгол Улсын Онцгой комисс ч тэр, аймгийн Онцгой комисс ч тэр аль аль нь 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ард иргэд зарим аж ахуйн нэгжүүд маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 24 цагаар ажиллаж байгаа төрийн албан хаагчдад халуун цай, хоол хүргэж байгаа нь сайшаалтай ч энэ үеэрээ мэдээллийн хэрэгслэлүүдээр дамжуулан энэ үйлдлээ олон нийтэд хүргэхээр олон хүн цуглуулж өөрсдийгөө рекламдах үйлдэл гаргаж байна. Аймгийн Онцгой комисс ийм үйлдэл гаргахгүй байх, гаргасан тохиолдолд яах вэ гэдгийг нь сануулсан САНАМЖ-ийг цахим хуудсанд байршуулж олон нийтэд мэдээллэсэн байгаа.
Сэжигтэй хавьталд тооцогдоод тусгаарлагдаад байгаа иргэдийг байрлуулах байр, тэнд ажиллаж байгаа ажилтнуудын бэлэн байдлыг хангах, хоол хүнс бэлтгэх гээд зардлууд ихээр гарч байна. Цаашид ч хөрөнгө санхүү ихээр шаардагдахаар байна.
Аймгийн Онцгой комиссын ажилд дэмжлэг үзүүлж Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулийн хамт олноос 1 өдрийнхөө цалинг хандив болгон өгч байгаад аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
Мөн Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ 24 цагаар байнгын ажиллагаанд ажиллаж байна. Энэ ажилд аймгийн арьс, нэхийний ченж нараас 200 ширхэг нэхий хандивлаж бидний ажилд сэтгэлийн дэм үзүүлсэнд талархалаа иэлрхийлье.

 

 

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС