АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР БООМТ ДЭЭР АЙМГИЙН ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ 32 БАЙЦААГЧ, ЭМГ-ЫН 64 ЭМЧ, СУВИЛАГЧ, АРИУТГАГЧ, ЖОЛООЧ 24 ЦАГААР БАЙНГЫН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Та бүхэндээ амралтын өглөөний мэндийг хүргэж, цаг үеийн мэдээг танилцуулъя. 2020 оны 03-р сарын 01-ний өглөөний 10 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 64 хүн ажиглалтад байгаагаас 9 хүнийг сэжигтэй тохиолдлоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт, 55 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Алтанбулаг, Сүхбаатар сумын хилийн боомтын түр тусгаарлах байруудад тусгаарлаж эмчийн хяналтад аваад байна. Одоогоор дээрхи иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй хэвийн байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн байгаагаас 4 иргэн ажиглалтад, 9 иргэн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан. Үүнд: 6 эрэгтэй, 7 эмэгтэй, 0-5 насны 1 эрэгтэй хүүхэд байна.

Нийт 3 удаагийн давтамжтай 13 сорьцийг УБ хотын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн лабораторит хүргүүлсэн. Үүнээс 4 сорьцийн хариу сөрөг гарсан, бусад сорьцийн хариу гараагүй байна.

Алтанбулаг чөлөөт бүсийн ажиглалтын А байранд-8, Алтанбулаг чөлөөт бүсийн ажиглалтын Б байранд-18, Сүхбаатар сумын Хүлэг зочид буудлын ажиглалтын байранд-4, Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын ажиглалтын байранд-6, Сүхбаатар сумын Ахмадын сувилалын ажиглалтын байранд-15 иргэн байна.

Сүхбаатар боомтоор:-УБ-Иркутск чиглэлийн 305 дугаар галт тэрэг 6 вагон 61 зорчигчтойгоор ирсэн. Үүнээс Монгол 38, Орос 10, Киргиз 2, Казахстан 1, Австри 2, Шинэ Зеланд  1, Их Британи 3, Киргиз улсын 2 иргэн байснаас  зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг авсан. Өвчний шинж тэмдэг илрээгүй.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эм эмнэлэгийн хэрэгсэл, халуун хэмжигч багаж, нэг удаагийн хувцас, амны хаалт, нярайн пульс оксометр, тусгайрлах байруудыг тоноглох техник хэрэгсэл, ОХУ-аас иргэдийг авчрах шатахуун тээвэрлэлтийн зардалд зарцуулан цаашид шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. 

  Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Сүхбаатар боомт дээр аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны 32 байцаагч, ЭМГ-ын 64 эмч, сувилагч, ариутгагч, жолооч 24 цагаар байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Мөн “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал-Ус” ХК-ий 29 ажилтан 4 техник хэрэгсэлтэйгээр Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ-ийг “Уураар мананцар үүсгэгч төхөөрөмж”-өөр тоноглон байнгын ажиллагаанд оруулж, орох гарах  хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Бид бүхэн тусгаарлагдсан иргэдээ аль болох ая тухтай байдлыг нь хангаж байрлуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Зарим иргэд илүү ихийг хүсч байна. Тэр бүгдийг гүйцээж чадахгүй. Өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, бага насы хүүхэд байгаа учир Сүхбаатар сум дахь Ахмадын сувилалаа чөлөөлж орууллаа. Бид хуулийн хүрээнд бололцоо нөхцөлдөө тулгуурлан ажиллаж байгаа гэдгийг тусгаарлагдсан хүмүүсийн ар гэрийнхэнд хэлье.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС