ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ АРИУТГАХ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН "ПУНКТ" 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ-ийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил танилцлаа. Тус "ПУНКТ"-ийг “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал-Ус” ХК, Мал эмнэлгийн үржлийн газрын 29 ажилтан 4 техник хэрэгсэлтэйгээр “Уураар мананцар үүсгэгч төхөөрөмж”-өөр тоноглон байнгын ажиллагаанд ажиллуулж, орох гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.


Энэхүү "ПУНКТ" нь өндөр хэмийн зориулалтын халуун уураар тээврийн хэрэгслийг утах бөгөөд тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнд ямар нэг хор нөлөөгүй. Ингэснээр ачаа тээврээр орж ирж болзошгүй нян бактерыг устгаж байна.


Энэхүү аргыг анх гахайн мялзан өвчний халдварыг тархахаас урьдчилан сэргийлж Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос санаачлан хийж байсан бөгөөд бусад аймгуудыг тус аргачлалыг нэвтрүүлэхийг уриалж байлаа.


Аймгийн Онцгой комисс Монгол Улс руу коронвирусын халдварыг нэвтрүүлэхгүй байх бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. Нийт ард иргэддээ хандан төр засаг, аймаг орон нутгийн шийдвэрийг дагаж мөрдөн хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх ажилд дэм болж ажиллахыг Аймгийн Онцгой комиссоос уриаллаа.