ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТОМУУГИЙН ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР 13 ИРГЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Улсын Онцгой комиссын 03 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрээр:
-Хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээгдэнэ. Иргэдийн зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан хот хоорондын, сум хоорондын замын ачаалал нэмэгдэх тул та бүхэн замын хөдөлгөөнд болгоомжтой, соёлтой оролцож, төрийн чиг үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж байна.
-Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоолоо.
-Солонгос, Япон, Итали, Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.
-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан тул манай аймгийн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэ шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэдгийг энд онцгойлон анхааруулж байна. Хэрэв олон нийтийг хамарсан янз бүрийн арга хэмжээ зохион байгуулсан түүнд хамрагдсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй.
Аймгийн хэмжээнд 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн байдлаар 80 иргэн ажиглалтад тусгаарлагдсан байна. Үүнээс сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 16 иргэнээс нийт 3 удаагийн давтамжтай 16 сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн лабораторид хүргүүлснээс 13 нь сөрөг гарсан хариу ирээд байна. 3 иргэний сорьцыг өнөөдөр хүргүүлж байна.
Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. 03 дугаар сарын 02-ний шөнийн 03 цагт аймгийн Онцгой комиссыг шуурхай зарлан хуралдуулж үүрэг чиглэл өгсөн.
Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд Хилийн мэргэжлийн хяналтын албаны 32, МХГ-ын 5 албан хаагч Алтанбулаг, Сүхбаатар боомт дээр, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн 8 хүнтэй 2 баг эцсийн ариутгал халдваргүйтгэлийг Алтанбулаг боомт дээр, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн 64 эмч, сувилагч, жолооч нар тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд, тусгаарлагдсан иргэдийг харгалзах зорилгоор Цагдаа, Онцгой байдлын байгууллагаас 7 цэгт 16 албан хаагч ажиллаж байна.
Энэ хүнд цаг үед Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөр”-өөс онцгой бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлд зориулан 4.5 сая төгрөгийн тусламжийг өмнөх тусламж дээр нэмж үзүүлсэнд талархаж байгаагаа аймгийн Онцгой комиссын болон Сэлэнгэ аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс илэрхийлье.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС