АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР БООМТООР МОНГОЛ УЛСЫН 33 ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ТАНДАЛТ ХИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ШИЛЖҮҮЛЭЭД БАЙНА

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Манай аймагт хяналтад байгаа иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна. 3 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Сүхбаатар, Алтанбулаг боомтуудын зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээг танилцуулъя.

Алтанбулаг боомтоор нийт 171 тээврийн хэрэгслээр 410 Монгол, 39 гадаад нийт 449 зорчигч гарсан бол 126 тээврийн хэрэгслээр 232 монгол, 79 гадаад нийт 311 зорчигч орж ирлээ. Үүнээс 311 зорчигчийн биеийн халууныг хэмжин 288 зорчигчоор эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 4 иргэн, тээвэрлэн ирсэн 1 жолоочийн хамт нийт 5 иргэнийг ажиглалтад түр тусгаарлан Дархан-Уул аймагт шилжүүлээд байна.

Сүхбаатар боомтоор 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг 48 зорчигчтой 21:50 минутад Сүхбаатар өртөөгөөр дамжин өнгөрлөө. Сүхбаатар боомтын гарах чиглэлийн хөдөлгөөнд зөрчил илрээгүй.

3 дугаар сарын 3-ны өдрийн Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 25 зорчигчтой 22:30-д Сүхбаатар өртөөгөөр орж ирсэн. Нийт 25 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл  мэндийн мэдүүлэг авч халдвар бүртгэгдсэн орноос ОХУ-аар дамжин ирсэн 7 Монгол иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймагт шилжүүлсэн.

3 дугаар сарын 3-наас 4-ний өдрүүдэд Алтанбулаг, Сүхбаатар боомтоор Монгол Улсын 33 иргэнийг хүлээн авч, тандалт хийн Дархан-Уул аймагт шилжүүлээд байна.

Аймгийн хэмжээнд 17 суманд байнгын хяналтын 28 цэг ажиллаж байна. Улсын Онцгой комиссын 3 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн 3 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээгдсэнтэй холбогдуулан хот хоорондын, сум хоорондын замын ачаалал өндөр байна. Мандал, Сайхан, Баянгол, Шаамар, Дулаанхааны  хяналтын цэгээр 3 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагийн байдлаар давхардсан тоогоор орох гарах хөдөлгөөнд нийт 17257 зорчигч,  5750 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөөд байна.

Зорчигдын биеийн халууныг хэмжиж, холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.  

Нийт жолооч, зорчигчиддоо хандан замын хөдөлгөөнд болгоомжтой, соёлтой оролцож, төрийн чиг үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС