ОХУ-ААС АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОРЖ ИРСЭН 85 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД АРИУТГАЛ ХИЙЖ, 147 ЗОРЧИГЧДОД ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Та бүхэндээ өдрийн мэнд хүргэж, ээлжит мэдээллээ хүргэе. Манай аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна. 3 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Алтанбулаг боомтоор 8 орны 1110 зорчигч, 596 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн. Зорчигчийн биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн зорчигч байхгүй байна.
Аймгийн хэмжээнд 10 суманд байнгын хяналтын 22 цэг ажиллаж байна. Хяналтын цэгт Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, МХГ, сумдын ЗДТГ-аас нийт 59 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мандал, Сайхан, Баянгол, Дулаанхааны хяналтын цэгээр 3 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагийн байдлаар давхардсан тоогоор орох гарах хөдөлгөөнд нийт 8088 зорчигч, 3829 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрлөө. Зорчигчдод сурталчилгааны материал тарааж, холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.
3 дугаар сарын 01-нээс 05-ны өдрийн 09 цагийн байдлаар Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктэд Алтанбулаг сумын ЗДТГ, Мал эмнэлгийн газрын харъяа "Бумбат-Өлгий", "Бөхлөө Хангай" мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн 15 албан хаагч 24 цагаар ажиллаж, ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 70, суудлын 9, автобус 6, нийт 85 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 147 зорчигчдод зөвлөмж өгөөд байна.
Энд нэг зүйлийг тодотгон хэлье. Бид тусгаарлагдсан иргэдийнхээ байрлах байрны орчин нөхцлийг аль болох боломжийн хэмжээнд байлгахаар ажиллаж байна. Иргэд маань даарч хөрөх, өлсөж цангах асуудалгүй дулаан байр, цэвэр орчинд эмнэлгийн мэргэжилтнүүдийн байнгын хяналтад байгаа гэдгийг хэлье. Байгаа орчныхоо бодит байдлын талаарх сэтгэгдлээ иргэдийн зүгээс илэрхийлээд байна. Тиймээс манай аймагт тусгаарлагдаад байгаа иргэдийн ар гэрийнхэн санаа зоволгүй амар тайван байж болно.
Энд байгаа иргэд хяналтын 14 хоногоо гүйцээгээд ар гэртээ, аав ээждээ, хань ижилдээ, үр хүүхэддээ очино. Тэр хүртэл аль болох ая тухтай байлгах асуудалд бид анхаарлаа хандуулж ажиллах болно.
Иргэд маань Улсын Онцгой комиссоос хийж байгаа мэдээллийг тухай бүр анхааралтай чагнаж байгаа байх. Өнөөдрийн буюу 3 дугаар сарын 5-ны байдлаар дэлхийн хэмжээнд короновирусын тархалт буураагүй, зарим орнуудад шинээр гарч байгаа тул Монголчууд бид, тэр дундаа Улсынхаа хойд хилийг манаж байгаа Сэлэнгэчүүд бид дор бүрнээ өндөр хариуцлагатай байж, онцын шаардлагагүй тохиолдолд хилээр орж, гарах хөдөлгөөн хийхгүй байх, зайлшгүй гарсан тохиолдолд эрүүл ахуйн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дэглэмээ чанд сахиж Эх орноо, элгэн саднаа, гэр бүлээ болон өөрийгөө хамгаалах үүргээ сахиж байхыг онцгойлон анхааруулж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС