ЭНД БАЙГАА ИРГЭД ХЯНАЛТЫН 14 ХОНОГОО ГҮЙЦЭЭГЭЭД АР ГЭРТЭЭ, ААВ ЭЭЖДЭЭ, ХАНЬ ИЖИЛДЭЭ, ҮР ХҮҮХЭДДЭЭ ОЧИНО

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 03 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Та бүхэндээ ээлжит мэдээллээ хүргэе. Манай аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэдийн биеийн байдал хэвийн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн лабораторид 4 удаагийн давтамжтай 16 сорьцийг хүргүүлснээс 16-лаа сөрөг гарсан таатай мэдээтэй байна.
Алтанбулаг боомтоор:
Орох чиглэлд: 196 тээврийн хэрэгслээр 385 Монгол, 61 гадаад нийт 446 зорчигч орсон. 446 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 1 иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 2 иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар 3 дугаар сарын 06-ны өглөө 05 цаг 30 минутад Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Алтанбулаг боомтоор гарах чиглэлд: Нийт 208 тээврийн хэрэгслээр 426 Монгол, 112 гадаад нийт 538 зорчигч гарсан байна.
Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй.
Тусгаарлагдсан иргэдийг харгалзах зорилгоор аймгийн Цагдаагийн газраас 10, Төмөр замын Цагдаагаас 2, ОБГ-аас 1, ХЦ-ээс 1 нийт 14 албан хаагч 7 цэгт үүрэг гүйцэтгэж байна.
Дөрвөн замын хяналтын цэгээр орох гарах хөдөлгөөнд 126 тээврийн хэрэгсэл, 207 жолооч зорчигч, Сайхан сум дахь хяналтын цэгээр 10 тээврийн хэрэгсэл, 32 жолооч зорчигч, Баянгол сумын хяналтын цэгээр 964 тээврийн хэрэгсэл, 2922 жолооч зорчигч нийт 1100 тээврийн хэрэгсэл, 3154 жолооч зорчигч дамжин өнгөрснийг бүртгэж, “Жолооч та”, “Зорчигч та” санамж гарын авлагыг тараалаа.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 99, суудлын 20, автобус 8, нийт 127 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 236 зорчигчдод зөвлөмж өгөөд байна.
Энд нэг зүйлийг тодотгон хэлье. Би өмнө нь ч хэлж байсан.
Бид тусгаарлагдсан иргэдийнхээ байрлах байрны орчин нөхцлийг аль болох боломжийн хэмжээнд байлгахаар ажиллаж байна. Мэдээж зарим нэг иргэний хүсээд байгаа тансаг зэрэглэлийн зочид буудал шиг орчин нөхцөлийг бүрдүүлэх боломж орон нутагт байхгүй гэдгийг тэмдэглэн хэлье. Бидний бэлдсэн байр бол иргэдийг 14 хоног түр тусгаарлах байр гэдгийг ойлгоорой.
Иргэд маань даарч хөрөх, өлсөж цангах асуудалгүй дулаан байр, цэвэр орчинд эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн байнгын хяналтад байгаа. Тиймээс манай аймагт тусгаарлагдаад байгаа иргэдийн ар гэрийнхэн санаа зоволгүй амар тайван байж болно.
Энд байгаа иргэд хяналтын 14 хоногоо гүйцээгээд ар гэртээ, аав ээждээ, хань ижилдээ, үр хүүхэддээ очино. Тэр хүртэл аль болох ая тухтай байлгах асуудалд бид анхаарлаа хандуулж ажиллах болно.
Иргэд маань Улс, аймгийн Онцгой комиссоос гаргаж байгаа мэдээлэл, шийдвэрийг тухай бүр анхааралтай сонсож, үүрэг хариуцлагаа өндөржүүлээрэй. Шинэ короновирусын тархалт дэлхийн улс орнуудад өдөр хоног бүрт шинээр нэмэгдэж байгаа энэ цаг үед Улсынхаа хойд хилийг манаж байгаа Сэлэнгэчүүд бид дор бүрнээ өндөр хариуцлагатай байх нь та биднээс бүрэн хамааралтай болохыг анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комисс салбар хоорондын оролцоог бүрэн хангаж, зохион байгуулалтын өндөр түвшинд ажиллаж байна. Та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд эх орондоо энэ аюулт өвчнийг оруулахгүй байж чадна гэдгийг тэмдэглэн хэлье.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС