ОХУ-ААС АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОРЖ ИРСЭН 162 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД АРИУТГАЛ ХИЙЖ, 295 ЗОРЧИГЧДОД ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Та бүхэндээ амралтын мэнд хүргэе. 7-ны өдрийн 12 цагийн цагийн ээлжит мэдээллээ хүргэе.

Алтанбулаг боомтоор 238 тээврийн хэрэгслээр 490 Монгол, 62 гадаад нийт 552 зорчигч орж ирсэн. 552 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад сэжигтэй тохиолдол илрээгүй. Алтанбулаг боомтоор 243 тээврийн хэрэгслээр 454 Монгол, 70 гадаад нийт 524 зорчигч гарсан байна. Сүхбаатар боомтоор 306 дугаар галт тэрэг 30 зорчигчтойгоор 22 цаг 30 минутад Сүхбаатар өртөөн дээр орж ирсэн. Үүнээс Монгол 12, гадаад улсын 18 иргэн байсан бөгөөд зорчигчдын халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн Япон улсаас дамжин орж ирсэн Монгол Улсын 1 иргэн байсан тул ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгөөд байна. Сүхбаатар боомтоор 05 дугаар галт тэрэг Монгол 40, гадаадын 7 зорчигчтойгоор гарах чиглэлд явлаа. Эрүүл мэндийн асуудалтай зорчигч илрээгүй.  

Алтанбулаг-Улаанбаатар чиглэлийн авто замын Шаамар сумын Дулаанхааны дөрвөн зам, Баянгол, Сайхан сумдын хяналтын цэгээр 3 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагийн байдлаар гарах чиглэлд 158 тээврийн хэрэгсэл, 514 зорчигч, орох чиглэлд 84 тээврийн хэрэгсэл 278 зорчигч нэвтэрч, нийт 346 зорчигчдод асуумжийн хуудас олгож, бүртгэл хөтлөн нэвтрүүлээд байна.

Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 07-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 118, суудлын 33, автобус 11, нийт 162 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 295 зорчигчдод зөвлөмж өгөөд байна.

Өчигдөр буюу 3 дугаар сарын 6-ны өдрийн 22 цаг 40 минутад Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож Ковид-19 халдварын талаарх Улсын хэмжээний мэдээллийг өгч, Сэлэнгэ аймаг урьдчилан сэргийлэх ажлаа сулруулахгүй байх талаар заавар, зөвлөмжийг өгсөн. Мөн Улсынхаа хойд хилийг сахин хамгаалж байгаа Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан хаагчдад хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, багаж төхөөрөмж, хилийн нэвтрэх цэгт зорчигчдын халуун хэмжих термокамер, сурталчилгааны материал зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өглөө. Энэ бол цаг үеэ олсон, халуун цэг дээр ажиллаж байгаа алба хаагчдын хэрэгцээ шаардлагыг хангасан том тус гэдгийг тэмдэглэн хэлье. Манай баг хамт олны ажлыг бүх талаар дэмжин хамтран ажиллаж байгаа Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү даргаар уламжлан Улсын Онцгой комиссын гишүүдэд Сэлэнгэ аймгийнхаа нийт иргэд, аймгийн Засаг даргын зөвлөлийн баг, Онцгой комиссын гишүүдийн өмнөөс талархаж  байгаагаа илэрхийлж цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.

Ард иргэдийн амар тайван, эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн төв Сүхбаатар суманд золбин нохой, муур устгах утсгалын ажлыг эхлүүллээ.

Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг бүх шатанд сайжруулж, аймгийн хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг энэ амралтын өдөр зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн бүх шатны байгууллагууд идэвхи санаачлагатай, сэтгэлтэй хандахыг уриалж байна.

Дэлхийн хэмжээнд шинэ короновирусын тархалт буураагүй, зарим улс орнуудад шинээр гарч байгаа тул Монголчууд бид, тэр дундаа Улсынхаа хойд хилийг манаж байгаа Сэлэнгэчүүд бид дор бүрнээ өндөр хариуцлагатай байж, онцын шаардлагагүй тохиолдолд хилээр орж, гарах хөдөлгөөн хийхгүй байх, зайлшгүй гарсан тохиолдолд эрүүл ахуйн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дэглэмээ чанд сахиж Эх орноо, элгэн саднаа, гэр бүлээ болон өөрийгөө хамгаалах үүргээ сахиж байхыг онцгойлон анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС