4 БАЙГУУЛЛАГЫН ТАРХВАР СУДЛААЧ ЭМЧ НАРЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг зовиур илрээгүй байна.
Алтанбулаг боомтоор 3 дугаар сарын 9-ний өглөөний 08:00 цагийн байдлаар 153 тээврийн хэрэгслээр 308 Монгол, 70 гадаад нийт 378 зорчигч орж ирсэн. 378 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй. Тус боомтоор 163 тээврийн хэрэгслээр 318 Монгол, 51 гадаад нийт 369 зорчигч гарсан. Боомтоор орж гарч байгаа нийт зорчигчдод зөвлөмж өгч ажиллаж байна.
Сүхбаатар боомтоор орох чиглэлд галт тэрэг аялаагүй. Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг 21:30 цагт Монгол 26, гадаад 4 нийт 30 зорчигчтой Сүхбаатар өртөөн дээр ирж, ямар нэг зөрчилгүй дамжин өнгөрсөн.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 09-ний өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 168, суудлын 61, автобус 17, нийт 246 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 421 зорчигчдод зөвлөмж өгөөд байна.
Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Mэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн тархвар судлаач эмч нарын бүрэлдэхүүнтэй баг аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомт, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Жавхлант сумын эрүүл мэндийн төвд ажиллаж Ковид-19 өвчний халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдалтай танилцлаа. Эдгээр хүмүүс Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүдэд “Халдварын шинж тэмдгийг таних”, “Халдвар дамжих зам”, “Эрэмбэлэн ангилах, тусгаарлах”, “Хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ халдваргүйжүүлэлт” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Алтанбулаг-Улаанбаатарын чиглэлийн авто замын Шаамар сумын Дулаанхааны дөрвөн зам, Баянгол сумын байнгын хяналтын цэгүүдээр 3 дугаар сарын 8-ны 08:00-аас 20 цагийн байдлаар гарах чиглэлд 146 тээврийн хэрэгсэл, 349 зорчигч, орох чиглэлд 26 тээврийн хэрэгсэл 80 зорчигч нэвтэрч, нийт 429 зочигч, 172 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн байна. Зорчигчдоос асуумж авч бүртгэн нэвтрүүлж байна.
Ард иргэдийн амар тайван, эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн төв Сүхбаатар суманд золбин нохой, муур устгах утсгалын ажил явагдаж байна.
Иргэний хувийн хариуцлага, хувийн сахилга бат энэ цаг үед хамгийн чухал учир хэнэггүй байдал гаргалгүй өөрийгөө, гэр бүлээ, эрхэм нандин хүмүүсээ хамгаалаарай гэдгийг тэмдэглэн хэлье.
Ажиглалтад байгаа зарим иргэд ажиглалтын хугацаанд хэрэглэж байгаа хоол, хүнсний зардлыг төлөхгүй гэж манай чиг үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид руу дайрах, хэл амаар доромжлох үйлдэл гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Өчигдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар тусгаарлалтад байгаа иргэдийн ахуйн хэрэглээнд мөрдөх журам боловсруулахыг ЭМЯ-нд хариуцуулсан байна. Энэ журам гарахаар журмаа баримтлан ажиллана.
Ард иргэд та бүхэн Улс, аймгийн Онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэрийг хэрэгжүүлж, хувийн ариун цэврийг сайтар сахиж, үүрэг хариуцлагаа ухамсарлан хариуцлагатай байгаарай.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС