ЭНЭ ХҮНД ЦАГ ҮЕИЙГ СӨРӨГ МУУ ЗҮЙЛЭЭР БИШ ЭВТЭЙ ЭЕТЭЙ БАЙЖ ЯЛАН ДИЙЛНЭ

Аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Ганхүү 3 дугаар сарын 10-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулъя. Улсын Онцгой комиссын 3 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох тухай” Улсын Онцгой комиссын 5 дугаар тогтоол гараад байна.
Монгол Улсад короновируст халдварын анхны батлагдсан тохиолдол Франц Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээврийн болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 3 дугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагаас 3 дугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр зогсоож холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон шийдвэр өнөө өглөөний 07 цагаас орон даяар хэрэгжиж байна.
Иймд Сэлэнгэчүүд та бүхэн дор бүрнээ хариуцлагаа өндөржүүлж, Улсын Онцгой комиссын шийдвэрийг биелүүлэн хүндэтгэх шалтгаангүй бол хол, ойрын зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Манай аймагт хяналтад түр тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна.
Алтанбулаг боомтоор 192 тээврийн хэрэгслээр 348 Монгол, 58 гадаад нийт 406 зорчигч орж ирсэн. 406 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 206 тээврийн хэрэгслээр 404 Монгол, 69 гадаад нийт 473 зорчигч гарсан байна. Хилээр орж, гарсан нийт зорчигчдод зөвлөмж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.
Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатарын 306-р галт тэрэг Монгол Улсын 26, бусад орны 26 нийт 52 зорчигчтой орж ирсэн. Үүнээс Дархан-Уул аймагт 5 Монгол иргэнийг тусгаарлан оношлохоор, 20 Монгол иргэнийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн. Үлдсэн 26 гадаад, 1 Монгол нийт 27 иргэдийг Алтанбулаг суманд тусгаарлан ажиглах арга хэмжээг аваад байна.
Гарах чиглэлд галт тэрэг аялаагүй болно.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 10-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 186, суудлын 67, автобус 18, дугуйтай иргэн 1, нийт 272 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 588 зорчигчдод зөвлөмж өгөөд байна.
Алтанбулаг-Улаанбаатарын чиглэлийн авто замын Шаамар сумын Дулаанхааны 4-н зам, Баянголын байнгын хяналтын цэгүүдээр орох гарах чиглэлд нийт 221 тээврийн хэрэгсэл, 706 зорчигч нэвтэрч, зорчигчдоос асуумжийн хуудас бөглүүлж, бүртгэн нэвтрүүллээ.
3 дугаар сарын 08-ны өдөр манай аймагт Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Mэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн тархвар судлаач эмч нарын бүрэлдэхүүнтэй баг аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомт, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж Ковид-19 өвчний халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдалтай танилцсан. Эдгээр хүмүүс “Халдварын шинж тэмдгийг таних”, “Халдвар дамжих зам”, “Эрэмбэлэн ангилах, тусгаарлах” зэрэг сэдвээр богино хэмжээний сургалт зохион байгуулсан. Энэхүү сургалт, уулзалтад оролцсон хүмүүсийг Улсын Онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу гэрт нь ажиглалтад тусгаарлаад байна.
Олон нийтийн сүлжээгээр эхний шинжилгээний дүгнэлтээр халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй хамт нэг онгоцонд Сэлэнгэ аймгийн иргэн ирсэн мэт буруу ташаа мэдээлэл цацагдаж байна. Манай аймгийн харъяат иргэн гадаад улсаас өөр онгоцоор дамжин ирснийг Сэлэнгэ аймагтаа тусгаарлан ажиглалтад аваад байна.
Нийт ард иргэддээ ариун цэвэр халдваргүйтлийг гэр орон, ажлын байр, байгаа орчиндоо сайтар хийж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гаралгүй урьдчилан сэргийлэх хувийн бэлтгэлээ өндөр түвшинд байлган маш хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Энэ хүнд цаг үеийг сөрөг муу зүйлээр биш эвтэй эетэй байж ялан дийлнэ шүү гэдгийг ард иргэддээ хэлье.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС