СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАСАН ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХАРИУ СӨРӨГ ГАРЧ НУТАГ БУЦЖЭЭ

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Манай аймагт хяналтад түр тусгаарлагдан ажиглалтад байгаа 81 иргэдийн биеийн байдал хэвийн байна.
3 дугаар сарын 10-ны өдөр шинэ коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комисс 2 удаа хуралдаж шийдвэрүүдийг гаргасан. Эхний хуралдааны шийдвэрийг бид танилцуулсан. 2 дахь удаагийн хуралдаанаар:
1. Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 3 дугаар сарын 11-ний 12:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоох,
2. Төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоох,
3. Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ-руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 3 дугаар сарын 11-ний 20:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоох,
4. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан шийдвэрүүдийг гаргалаа.
Алтанбулаг боомтоор 294 тээврийн хэрэгслээр 338 Монгол, 18 гадаад нийт 356 зорчигч орж ирсэн. Зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй. 124 тээврийн хэрэгслээр 240 Монгол, 21 гадаад нийт 261 зорчигч гарсан. Алтанбулаг боомтоор орж гарсан нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллаж байна.
Сүхбаатар боомтоор Эрхүү-Улаанбаатарын 306-р галт тэрэг 10 Монгол зорчигчтой орж ирсэн. Зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн сэжигтэй тохиолдол илрээгүй.
3 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаар галт тэргээр орж ирсэн 26 гадаад иргэдийг Сүхбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэргээр 3 дугаар сарын 10-ны орой ОХУ-руу буцааж, 1 Монгол иргэнийг Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлэн өглөө.
Олон нийтийн сүлжээгээр Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Mэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн тархвар судлаач эмч нарын бүрэлдэхүүнтэй баг манай аймагт ажиллаад явсан талаар маш их сөрөг мэдээлэл гарч байна. Аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс ариутгалын ажлыг Алтанбулаг, Сүхбаатар боомт, аж ахуйн нэгж байгууллагууд дээр тогтмол хийж байна. Мөн аймгийн Онцгой комиссын байранд ирж хандив тусламж үзүүлж байгаа хүмүүсийг явсны дараа, сошиалд цацагдаад байгаа энэхүү албан уулзалтын дараа ч ариутгалын ажлыг хийж, тухайн орчныг халдваргүйтүүлж байгаа болохыг албан ёсоор мэдэгдье. Ариутгалыг мэргэжлийн хүмүүс мэргэжлийн түвшинд хийж байгааг манай ард иргэд ойлгоорой.
Сошиал орчинд эх үүсвэргүй, буруу ташаа, таамаг төдий мэдээллийг цацаж олон нийтийг цочролд оруулахгүй байхад нийт иргэд анхааралтай байгаарай. Хэрэв буруу ташаа, таамаг төдий мэдээллийг зөвшөөрөлгүй зурагтай олон нийтийн сүлжээнд цацвал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг мэдэгдье.
Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээгээр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү Монгол Улсад ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн шинжилгээний хариу сөрөг гарч нутаг буцсан талаар албан ёсны тайлбарыг өгсөн.
Нийт ард иргэддээ онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, тэр тусмаа бага насны хүүхдүүдийг худалдааны төв, дэлгүүрээр үйлчлүүлэхгүй, гадуур явуулахгүй байхад онцгойлон анхаарна уу.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС