ТУСГААРЛАГДСАН ИРГЭДИЙН ТҮРҮҮЧ ГАРЧ ЭХЭЛЛЭЭ
Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
-Манай аймагт өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар түр ажиглалтад 97 хүн байна. Эдгээр хүмүүсээс хяналтын 14 хоног гүйцэж, эрүүл мэндийн сорьц шинжилгээ нь сөрөг гарсан 12 хүн орон гэртээ харих болсон таатай мэдээг та бүхэндээ дуулгая. Эдгээр хүмүүсийг тусгай зөвшөөрлийн дагуу орон нутаг руу нь буцаах ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулж байна.
Аймгийн Онцгой комиссоос 17 сумтайгаа цахим хурал зохион байгуулж, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа. Мөн Хүдэр, Жавхлант сумдын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, энэ нөхцөл байдалд хэрхэн ажиллах үүрэг чиглэлийг өглөө.
Алтанбулаг боомтоор 180 тээврийн хэрэгслээр 163 Монгол зорчигч орж ирсэн. Зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 16 иргэн байсан тул Алтанбулаг боомтод ажиглалтад түр тусгаарлаад байна.
Гарах чиглэлд 75 тээврийн хэрэгслээр 100 Монгол, 31 гадаад нийт 131 зорчигч гарсан байна. Алтанбулаг боомтоор орж гарч байгаа нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллаж байна.
Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй болно.
Аймгийн хэмжээнд орон нутгаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах байнгын 9, түр 16 хяналтын цэг ажиллаж байна. Шаамар сумын Дулаанхаан 4 зам, Мандал, Баянгол, Сайхан сумдын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдээр орох, гарах чиглэлд нийт 369 тээврийн хэрэгсэл 985 иргэн нэвтэрсэн байна. Хяналтын цэгүүдэд Цагдаа, Онцгой байдал, төр төсвийн нийт 21 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 11-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 209, суудлын 75, автобус 19, дугуйтай иргэн 1, нийт 304 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 644 зорчигчдод зөвлөмж өгөөд байна.
Бид үнэн зөв бодит мэдээллийг өгөх үүднээс өдөр бүр та бүхэндээ шуурхай мэдээллийг хүргэж байгаа. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд эх үүсвэр байхгүй, буруу ташаа, таамаг төдий мэдээллийг маш ихээр цацаж байна. Энэ нь та бидэнд, таны байгаа ойр орчинд, нийгэмд маш их хор нөлөөтэй гэдгийг манай иргэд зөвөөр ойлгоорой. Элдэв буруу ташаа мэдээллийг түгээж, олон нийтийг үймүүлэн, цочиролд оруулвал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх аюултай. Тиймээс үнэн зөв, бодит мэдээллийг аймгийн Онцгой комиссын өдөр тутмын мэдээллээс аваарай гэдгийг тэмдэглэн хэлье.
Аймгийн Онцгой комисс хойд хилээр орж ирж байгаа Монгол иргэдээ хүлээн авах ажлыг өндөр зохион байгуулалттайгаар гүйцэтгэж байна. 24 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа, Онцгой комиссын гишүүддээ талархал илэрхийлье.
Үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг, энэ цаг үеийг та бид хамтын хүч дэмээр, хамтын хичээл зүтгэлээр, эерэг сайхан бүхнээр даван туулж ялан дийлэх болно гэдгийг нийт иргэддээ хэлж, эв эетэй нэгдмэл байхыг уриалж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС