УЛС, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГАРЧ БАЙГАА ШИЙДВЭР БҮР АРД ИРГЭД ТА БҮХНИЙ ТӨЛӨӨ ЮМ ШҮҮ

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад 85 иргэн байна. Өчигдөр буюу 3 дугаар сарын 12-ны өдөр 12 хүн ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсныг та бүхэндээ мэдээллэсэн. Өнөөдөр хяналтын хугацаа дууссан 4 иргэн гарахаар болоод байна. Эдгээр хүмүүсийг тусгай зөвшөөрлийн дагуу орон нутаг руу нь буцаах ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын 1-р тасагт-9, халдвартын 2-р тасагт-3, Алтанбулаг чөлөөт бүсийн ажиглалтын Б байранд-18, Сүхбаатар сумын Хүлэг зочид буудлын ажиглалтын байранд-4, Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын ажиглалтын байранд-16, Сүхбаатар сумын Ахмадын сувилалын ажиглалтын байранд-23 Төмөр замын ажиглалтын байранд-12 иргэн байна. Эдгээр иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй байна.
3 дугаар сарын 12-ны өдөр 12 хүний давтан сорьцийг Улаанбаатар хотын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн лабораторит хүргүүлсэн.
Алтанбулаг боомтоор 76 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 22 Монгол зорчигч, 29 ачаа тээврийн хэрэгсэл тээвэрлэж яваа гадаад иргэн нийт 51 зорчигч орж ирсэн. Зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 10 зорчигч байсан тул ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлэн өгөөд байна. Гарах чиглэлд 45 тээврийн хэрэгслээр 22 Монгол, 68 гадаад нийт 90 зорчигч гарсан. Алтанбулаг боомтоор орж, гарсан нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч ажиллаж байна.
Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй болно.
Аймгийн хэмжээнд 8 суманд байнгын хяналтын 11 цэг ажиллаж байна. Хяналтын цэгт Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, сумдын ЗДТГ, төр төсвийн байгууллагын нийт 59 албан хаагч, 23 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хяналтын цэгийн орох, гарах хөдөлгөөнд нийт 531 зорчигч, 1234 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрлөө. Зорчигчдод сурталчилгааны материал тарааж, холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 13-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 247, суудлын 77, автобус 19, дугуйтай иргэн 1, нийт 343 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 695 зорчигчдод зөвлөмж өгөөд байна.
Ард иргэдийн амар тайван, эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд золбин нохой, муур устгах ажил явагдаж, 70 нохой, муурыг устгаад байна.
Шинэ коронавирусын халдвараас сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 39 байгууллагад хийж гүйцэтгэлээ.
Нийт ард иргэддээ Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, байгаа орчин ахуйдаа ариун цэврийг сайтар сахиж, өндөр хариуцлагатай байхыг анхааруулж байна. Улс, аймгийн Онцгой комиссоос гарч байгаа шийдвэр бүр улс үндэстэн, ард иргэд та бүхний төлөө юм шүү.
Хамтдаа хэрэгжүүлж, хамтдаа даган биелүүлж энэ хүнд цаг үеийг даван туулцгаая.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС