АЖЛАА АЛДАЛГҮЙ, АР ГЭРЭЭ ОРХИГДУУЛАЛГҮЙ ХАМТДАА СЭРГИЙЛЖ, ХАМТДАА ДАВАН ГАРЦГААЯ

Аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн  дарга Б.Ганхүү 3 дугаар сарын 16-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Манай аймагт өнөөдрийн байдлаар түр тусгаарлагдан ажиглалтад 26 иргэн байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн ямар нэгэн зовиур илрээгүй байна. Энэ амралтын өдөр 81 иргэний ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан. Хяналтаас гарсан иргэдийг тусгай зөвшөөрлийн дагуу орон нутаг руу нь буцаах ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгууллаа.

Алтанбулаг боомтоор 58 тээврийн хэрэгслээр 114 Монгол, Монгол Улс руу импортлогдож байгаа ачааны автомашины жолооч 54 орос иргэнийг нэвтрүүлж, Беларус Улсын 9 иргэнийг буцаасан. Зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 32 зорчигч байсан тул 10 иргэнийг Алтанбулаг суманд ажиглалтад түр тусгаарлаж, 22 иргэнийг Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлсэн.

ОХУ-аас Алтанбулаг боомтоор 03 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын 24 зорчигч явганаар орж ирсэн. Гарах чиглэлд: 56 тээврийн хэрэгслээр 24 Монгол, 24 гадаад зорчигч гарсан.

Алтанбулаг боомтоор орж гарч байгаа нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллаж байна. Сүхбаатар боомтоор: орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй болно.

 Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр өглөөний 07 цагаас замын хөдөлгөөн нээгдсэн тул нийт жолооч, зорчигчиддоо яарч сандралгүй анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Аймгийн хэмжээнд энэ амралтын өдрүүдэд 15 суманд байнгын хяналтын 24 цэгт Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, сумдын ЗДТГ-аас нийт 185 албан хаагч, 78 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, орох гарах хөдөлгөөнд нийт 1303 зорчигч, 2837 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрүүлж, Зорчигчдын биеийн халууныг хэмжин, заавар зөвлөмж, өгч ажиллаж байна.

Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 16-ны  өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 292, суудлын 77, автобус 19, дугуйтай иргэн 1, нийт 389 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 747 зорчигчдод зөвлөмж өгөн ажиллалаа.

Ард иргэдийн амар тайван, эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд золбин нохой, муур устгах утсгалын ажил явагдаж нийт 320 муур, нохойг устгаад байна.

Цар тахалын хэмжээнд хүрээд байгаа вирусын халдвар улс үндэстэн бүхэнд цочрол дагуулж, хурдацтайгаар нэмэгдэж байгааг та бүхэн сонсож байгаа байх. Энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөн, онцын шаардлагагүй бол гадуур явалгүй, гэр орондоо ариун цэврийг сахиж, өндөр хариуцлагатай байхыг нийт ард иргэддээ анхааруулж байна. Улс, аймгийн Онцгой комиссоос өндөр настан болон жирэмсэн, 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээсээ ажлаа хийх нөхцөлөөр хангаж, бага насны хүүхдүүдээ гэртээ харах боломжийг олгосон шийдвэрийг гаргасан. Иймээс та бүхэн хүүхдээ гадуур явуулалгүй, хайртай хүмүүсийнхээ дархлааг дэмжсэн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглүүлж өөртөө, ар гэртээ, ахан дүүстээ анхаарал халамжаа зориулаарай.

Ажлаа алдалгүй, ар гэрээ орхигдуулалгүй хамтдаа сэргийлж, хамтдаа даван гарцгаая.  

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС