13 ИРГЭНИЙГ АЖИГЛАЛТАД ТҮР ТУСГААРЛАХААР ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Ганхүү 3 дугаар сарын 14-ний өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Манай аймагт түр тусгаарлагдан хяналтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна.
Алтанбулаг боомтоор 29 тээврийн хэрэгслээр 51 Монгол, Монгол улс руу импортлогдож байгаа ачааны автомашины жолооч оросын 24 иргэн хил нэвтэрч, Беларус улсын 3 иргэнийг буцаасан. Орж ирж байгаа нийт зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 13 зорчигч байсан тул ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлсэн. Гарах чиглэлд: 35 тээврийн хэрэгслээр 11 Монгол, 43 гадаад нийт 54 зорчигч гарсан. Алтанбулаг боомтоор орж, гарч байгаа нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч ажиллаж байна. Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй болно.
Аймгийн хэмжээнд 15 суманд байнгын хяналтын 18 цэг ажиллаж байна. Хяналтын цэгт Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэнд, МХГ, сумдын ЗДТГ-аас нийт 59 албан хаагч, 23 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна. Хяналтын цэгийн орох, гарах хөдөлгөөнд нийт 626 зорчигч, 1315 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрлөө. Зорчигчдод сурталчилгааны материал тарааж, холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 14-ний өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 280, суудлын 77, автобус 19, дугуйтай иргэн 1, нийт 366 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 724 зорчигчдод зөвлөмж өгөөд байна.
Ард иргэдийн амар тайван, эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд золбин нохой, муур устгах ажил явагдаж байгаа тул иргэд гэрийн тэжээвэр амьтдаа хяналтдаа байлгаарай.
Аймгийн Цагаадгийн газраас 150 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн, хяналт шалгалтыг цахим тоглоомын газрууд, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, баар, ресторан, кафе, сургууль, цэцэрлэг, жолооны курс зэрэг нийт 231 объектод зохион байгуулж, 86 иргэнд ухуулга сурталчилгаа хийн, 184 ширхэг зөвлөмж, гарын авлага тараасан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний гэр аюулгүй орчин” сэдэвт цахим захидлын улсын уралдаан зарлагдсан байгаа тул хүүхэд багачуудаа идэвхитэй оролцуулахад манай эцэг эхчүүд анхаараарай. Уралдааны болзол, тавигдах шаардлагыг “Сэлэнгэ Аймаг Здтг” пэйж хуудсанд дэлгэрэнгүй мэдээллэсэн, орж танилцаарай.
Нийт ард иргэддээ хандан дархлаагаа дэмжсэн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэхийг уриалъя. Онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, тэр тусмаа бага насны хүүхдүүдийг худалдааны төв, дэлгүүрээр үйлчлүүлэхгүй, гадуур явуулахгүй байхад онцгой анхаарал хандуулахыг хүсч байна. Улс, аймгийн онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөн, гэр орон, байгаа орчиндоо хувийн ариун цэврийг сайтар сахиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хувь хувьдаа өндөр түвшинд хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС