УЛСЫНХАА ХОЙД ХИЛИЙГ МАНАЖ БАЙГАА СЭЛЭНГЭЧҮҮД БИД ДОР БҮРНЭЭ ӨНДӨР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 3 дугаар сарын 17-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Манай аймагт нийт 27 хүн ажиглалтад байгаагаас Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын ажиглалтын байранд-16, чөлөөт бүсийн А байранд-10 иргэн байна. Эдгээр иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй хэвийн байна. Сэжигтэй 1 тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан, шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэхээр өнөө өглөө явууллаа.
Алтанбулаг боомтоор 28 тээврийн хэрэгслээр 86 Монгол, улс хоорондын ачааны автомашины жолооч гадаадын 20, нийт 106 зорчигч орж ирсэн. Нийт зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж авч өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн 25 зорчигчийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлж, сэжигтэй 1 зорчигчийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. Гарах чиглэлд 28 тээврийн хэрэгслээр 18 Монгол, 28 гадаад нийт 46 зорчигч гарсан. Алтанбулаг боомтоор орж, гарсан нийт зорчигчдод COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллалаа. Сүхбаатар боомтоор орох, гарах чиглэлд галт тэрэг аялаагүй болно.
Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний хяналтын байнгын болон түр хяналтын цэгээр орох гарах хөдөлгөөнд нийт 2046 зорчигч, 1240 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрлөө. Нийт зорчигчдын биеийн халууныг хэмжин, заавар зөвлөмж өгч, санамж тараан ажиллаж байна.
Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 17-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн ачааны 321, суудлын 79, автобус 19, дугуйтай иргэн 1, нийт 420 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 792 зорчигчдод зөвлөмж өгөн ажилласан.
Аюулт өвчин манай эх оронд бүртгэгдсэн тул та бид хаа хаанаа сонор сэрэмжээ дээшлүүлж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, дулааны улирал ирж байгаатай холбогдуулан гудамж талбайгаар хүүхэд залуучууд цугларахгүй байхад иргэн бүр хяналтаа тавьж ажиллахыг хүсье. Мөн төрийн албан хаагчдыг аль болох гэрээсээ албан ажлаа явуулах боломжийг судалж байна.
Монгол Улсад бүртгэгдсэн халдварууд бүгд гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй. Та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд дотоодоосоо Монгол хүн халдвар аваагүй байгаа нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг, Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг манай ард иргэд маш сайн даган мөрдөж, хэрэгжүүлж байгаагийн илрэл тул айж сандралгүй сэтгэл санаагаа тайван байлгахыг хүсэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлж байгаагаар энэхүү өвчний голомт Ази тивээс Европ тиврүү шилжсэн гэж ойлгогдохоор байна. Тиймээс Европ тивийн хаалган дээр байдаг манай аймгийн хувьд анхаарал сонор сэрэмжээ улам сайжруулж энэхүү аюулыг Монгол орондоо нэвтрүүлэхгүй байх бүхий л арга хэмжээг авч байна.
Улсынхаа хойд хилийг манаж байгаа Сэлэнгэчүүд бид дор бүрнээ өндөр хариуцлагатай байж, эрүүл ахуйн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дэглэмээ чанд сахиж, Эх орноо, элгэн саднаа, гэр бүлээ, хайртай хүмүүсээ болон өөрийгөө хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС