ОХУ-ААР ДАМЖИН ЭХ ОРНОО, ЭЭЖ ААВАА ГЭЭД ЗОРИН ИРЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 3 дугаар сарын 18-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Та бүхэндээ ээлжит мэдээллээ хүргэе.
Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн ямар нэгэн зовиур илрээгүй байна.
Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос эрүүл мэндийн анхан шатны үзлэг, тандалтаар сэжигтэй тохиолдол 3 илэрснийг аймгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлж, 33 зорчигчийг Алтанбулаг, Сүхбаатар сумын тусгаарлах байранд ажиглалтад авлаа. Алтанбулаг боомтын гарах чиглэлд нийт 52 зорчигч гарсан байна.
ОХУ-аар дамжин эх орноо, ээж ааваа гээд зорин ирж байгаа Монгол иргэдээ хүлээн авах нь бидний үүрэг. ОХУ-ын Их дээд сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа түр зогсоож оюутнуудаа дотуур байрнаасаа гаргаж байгаа мэдээлэл ирж байна. Сошиал орчинд яагаад Монголчуудаа хилээр оруулаад байгаа юм бэ, хилээ хаагаач ээ гэсэн мэдээллүүд их явж байна. Нөхцөл байдал иймдээ хүрч Монголын оюутнууд маань тухайн газраа байх боломжгүй болж байхад бид хүлээн авахгүй гэж болохгүй. 3 дугаар сарын 17-ны өдрийг дуустал бид аймгаасаа төлөөлөгч томилоод тусгайлан бэлтгэсэн 2 автомашины хамт хилийн цаана буюу Хиагтын районд гарч Монгол иргэдээ тосч авч гуравдагч орноос ОХУ-аар дамжин ирж байгаа иргэдийг аль болохоор өөр хооронд нь хольж, нэг дор бөөгнөрүүлэхгүй хил нэвтрүүлэх арга хэмжээг авч ажиллаж байсан.
ОХУ-аас хилийн боомтууддаа 3 дугаар сарын 18-наас 2020 оны 5 дугаар сарын 01 хүртэл зорчигч тээврийн түр хязгаарлалт хийж байгаа учир бид өмнөх шигээ хилийн цаана гарч зохицуулалт хийх боломжгүй болоод байна. Иймээс Хиагтруу ирж байгаа Монгол иргэд хилийн цаана аль болох өөр хоорондоо холилдохгүй байх, хилээр орж ирэхдээ мэдүүлэг, анкетыг үнэн зөв бөглөх, албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдад хүндрэл бэрхшээл учруулахгүй байхад онцгойлон анхаарах хэрэгтэй байна.
Сэлэнгэ аймаг энэ чухал үед сонор сэрэмжээ сулруулахгүй байх чухал хариуцлагатай ажиллах үүрэгтэй. Учир нь бид Европ тивийн хаалгыг манаж байгаа аймаг. Энэ аюулт өвчний голомт анх Ази тивд үүсч байсан бол одоо хэдийнээ Европид байдал хэцүү байгааг та бид мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан ойлгож байгаа байх.Нэгэнт хилээр орж ирж байгаа иргэдийг хаанаас ирж байгаагаас нь үл хамааран бүгдийг нь тусгаарлах, ажиглах байранд 14 хоног байлгах Улсын онцгой комиссын шийдвэр гарсаныг иргэд маань мэдэж байгаа байх. Дархан-Уул аймгийн ачаалал ихэссэн тул манай аймаг 3 сарын 15-аас эхлэн иргэдийг тусгаарлан ажиглах байрандаа хүлээн авч эхэлсэн.
Ажиглалтад орж байгаа иргэдийн дийлэнх нь оюутнууд байгаа учир эдгээр иргэдийн ар гэрийнхэн өөрсдийн үр хүүхэдтэйгээ холбогдож тусгаарлагдсан хоногийн зайлшгүй хэрэглээний зардалыг аль болох хурдан хугацаанд шийдэхэд анхаарахыг хүсч байна. Энэ мөнгийг хурдан хугацаанд төвлөрүүлж байж бид дараа, дараагийнхаа иргэдийг хүлээн авах, нэн шаардлагатай бусад бэлтгэл ажлыг хангах ёстой гэдгийг иргэд дор бүрнээ ойлгох ёстой. Мөнгөө төлөхгүй иргэнийг бид тусгаарлалтаас гаргахгүй учир хоног тутам төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ гэдгийг энд онцлон хэлье.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар, Алтанбулаг сумдад иргэд олон нийтийг шинэ коронавирусын халдвар, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 45 ажилтан албан хаагч эргүүлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоосон, иргэдийн онцын шаардлагагүй бол аль болох гадуур гарахгүй байхыг анхааруулсан Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрүүд гарсан байгааг иргэд маань мэдэж байгаа. Нэгэнт ийм шийдвэрүүд гарсан байхад үйл ажиллагаа явуулаад байгаа зарим нэг аж ахуйн нэгж, сүм хийдийн талаарх мэдээллүүд аймгийн Онцгой комисст ирж байна. Улс, аймгийн онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн тохиолдолд бид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана. Иргэд та бүхэн ч хяналтаа сайжруулж энэ талаарх мэдээллийг аймгийн шуурхай штабын 7036-3684 дугаарын утсанд мэдээлж болно.
Дулааны улирал эхлэж байгаатай холбогдуулан иргэд гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн салхинд гарахаар уул, ой, модоор, голын эргээр явах нь элбэгшиж бөөгнөрөл үүсгэж байгаа мэдээлэл байна. Хорио цээрийн дэглэмд шилжсэн энэ богинохон хугацаанд та бүгд маань түр тэвчиж хамтаараа энэ аюулт өвчинөөс урьдчилан сэргийлж, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар явахдаа хүн бүр маск зүүж, хувийн ариун цэвэрээ сахиж, хүүхэд залуучуудыг тоглоомын талбайд цуглуулахгүй байхад иргэн бүр хяналт, шаардлагаа тавих хэрэгтэй байна.
Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр бүхэн энэ аюулт өвчнөөс ард иргэдээ урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг ар гэртээ, үр хүүхдүүддээ, хайртай хүмүүстээ өдөр тутмын дадал болгон хэрэгжүүлж хэвших шаардлагатай байна. Таны ар гэртээ авч хэрэгжүүлж байгаа зөв дадал хэвшил, хувийн зохион байгуулалт энэхүү аюулт өвчнөөс эрхэм нандин хүмүүсээ хамгаалах хамгийн эхний урьдчилан сэргийлэх арга хэмжээ байх болно гэдгийг бүх нийтээрээ ойлгож, өндөр хариуцлагатай байхыг нийт ард иргэддээ анхааруулж байна.
Энэ хүнд нөхцөл байдлыг та бид эв эетэй байж, эерэг сайхан бүхнээр харж байж даван гарах болно. Төрийн ажил албаа алдагдуулалгүй, ар гэрээ орхигдуулалгүй хамтдаа сэргийлж, хамтдаа даван гарцгаахыг нийт төрийн албан хаагчид, ард иргэддээ уриалж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС