ЯГ ОДОО (2020.3.19 21.40 цаг)

Эх орноо гээд ирсэн элэг нэгт ахан дүүсээ хүлээн авах, ачаа тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх гээд Монгол Улсын хойд хил дээрх өдөр тутмын үйл ажиллагаа үргэлжилсээр...


Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зохион байгуулалтын хүрээнд Улсын Онцгой комисссын 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Алтанбулаг” боомтоор Монгол Улс руу нэвтрэх Олон Улсын ачаа, тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж, хил, гаалийн цогцолбороос нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалт, хяналтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын талбай хүртэл шуурхай хөдөлгөөн үйлдэж, дээрх тээврийн хэрэгслийг “Алтанбулаг” хилийн боомт руу шууд буцаах арга хэмжээг авч ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл ОХУ-ын жолооч нарыг эрүүл мэндийн нарийн үзлэгт хамруулан, сэжигтэй тохиолдол илрээгүй тохиолдолд Цагдаагийн байгууллагын харуул, хамгаалалттайгаар Улаанбаатар хүргэж ачааг буулган буцааж мөн Цагдаагийн байгууллагын харуул хамгаалалттайгаар хилээр гаргаж байна. Учир нь Монголд үйлдвэрлэх боломжгүй хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлсэн Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ ажил хийгдэж байна.

Дэлхий нийтийг цочроосон шинэ коронавирусын халдвар хурдацтайгаар тархаж байгаа энэ цаг мөчид Улсынхаа хойд хилийг манан ажиллаж амьдарч байгаа Сэлэнгэ нутгийн төрийн албан хаагчид энэ онцгой бүс нутгийнхаа онцлогоос хамаарч өндөр ачаалал, илүү их үүрэг хариуцлагатайгаар ажиллаж байна.