УЛС, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ДАГАЖ МӨРДӨН, ХУВИЙН САХИЛГА БАТ ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЖ БИД ЭНЭХҮҮ АЮУЛТ ӨВЧНИЙ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ ЧАДНА

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 3 дугаар сарын 20-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Өнөөдрийн байдлаар манай аймагт 196 иргэн ажиглалтад тусгаарлагдаад байна. Үүнээс 5 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлж, шинжилгээ авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлснээс бүх хариу “сөрөг” гарсан таатай мэдээ байна.
Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 6 цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн газар, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, иргэдэд заавар зөвлөмж, гарын авлага тараан ажллаж байна.
Улсын Онцгой комисссын 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Алтанбулаг” боомтоор Монгол Улс руу нэвтрэх олон улсын ачаа, тээврийн хэрэгсэлд бүрэн халдваргүйжүүлэлт хийж, хил, гаалийн цогцолбороос нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалт, хяналтын дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын талбай хүртэл шуурхай хөдөлгөөн үйлдэж, дээрх тээврийн хэрэгслийг “Алтанбулаг” хилийн боомтруу шууд буцаах арга хэмжээг аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэж хэлье. Ачаа тээврийн жолооч нарыг яагаад тусгаарлахгүй байгаа юм бэ гэдэг асуулт гарч байна. ОХУ-ын жолооч нарыг эрүүл мэндийн нарийн үзлэгт хамруулан, сэжигтэй тохиолдол илрээгүй тохиолдолд Цагдаагийн байгууллагын харуул, хамгаалалттайгаар Улаанбаатар хүргэж ачааг буулган буцаагаад мөн Цагдаагийн байгууллагын харуул хамгаалалттайгаар хилээр гаргаж байна.
Учир нь Монголд үйлдвэрлэх боломжгүй хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлсэн Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ ажил хийгдэж байгааг манай ард иргэд маш сайн ойлгоорой. Энэхүү ачаа тээврийн ажлыг ганцхан орос жолооч нар ч гүйцэтгэж байгаа биш Монгол жолооч нар ч явж байгаа. Орос, Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудын өндөр хяналт шалгалт үзлэг дор энэ жолооч нар үүргээ гүйцэтгэж яваа.
ОХУ-руу хил нэвтэрсэн Монгол жолооч нарыг эргээд орж ирэхэд яагаад тусгаарлаад байгаан бэ? Хил нэвтрүүлэхгүй байж болоогүй юмуу гэж бас асууж байна. Манай аймгийн Онцгой комисс өдөр бүр цаг үеийн мэдээллийг иргэддээ өгч байгаа. Энэ мэдээлэлдээ иргэдээ болж өгвөл гэрээсээ гарахгүй байх, ОХУ-руу онцын шаардлагагүй бол хил нэвтрэхгүй байхыг байнга сануулж, анхааруулж хэлж ярьсаар байтал манай иргэд өөрсдөө гарчихаад буцаж орж ирэхдээ тусгаарлагдахгүй гэж хэлж болохгүй. Тусгаарлагдаж байгаа үйл явц бол таны хайртай хүмүүсээ эрсдлээс хамгаалж байгаа нэг хэлбэр гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй.
Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ хугацаанд замын хөдөлгөөний Баянгол сумын хяналтын цэгээр орох гарах хөдөлгөөнд 1124 зорчигч, суудлын 487 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн байна. Дамжин өнгөрч байгаа нийт зорчигчдын биеийн халууныг хэмжин, заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пунктээр өнөөдрийг хүртэл ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн нийт 470 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 853 зорчигчдод зөвлөмж өгч ажиллалаа.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар, Алтанбулаг сумдад иргэд олон нийтийг шинэ коронавирусны халдвар, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид өдөр бүр 16-22 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүл хийн ажиллаж байна.
Сүхбаатар суманд шатах тослох материал худалдан борлуулдаг “Сод Монгол”, “МТ”, “Тэс-Петролиум”, “Ник-Петровис”, Жаст” шатахуун түгээх станц, хийн түлш худалдан борлуулдаг “Гор-Газ”, “Дашваанжил” зэрэг 12 байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэж иргэдэд үйлчилж байгаа талаар үзлэг шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчил бүрт заавар зөвлөмж өгч ажилласан.
Нийт ард иргэддээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй гэртээ хувийн ариун цэвэр, халдваргүйтлийг чанд сахиж байхыг анхааруулж байна. Таны гэр өөрийг чинь болоод хайртай хүмүүсийг тань хамгаалах хамгийн найдвартай газар болохыг маш сайн ойлгох хэрэгтэй. Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөн, хувийн сахилга бат хариуцлагыг өндөржүүлж бид энэхүү аюулт өвчний халдвараас сэргийлж чадна гэдгийг нийт ард иргэддээ анхааруулж хэлье.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС