НЭГ САНАА НЭГДМЭЛ ЗОРИЛГОТОЙ БАЙЖ ЭНЭХҮҮ АЮУЛТ ӨВЧНИЙ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЖ ЧАДНА

Аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичийн дарга Б.Ганхүү 3 дугаар сарын 21-ний өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Та бүхэндээ Бямба гарагийн цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэе. Сэлэнгэ аймагт тусгаарлагдан ажиглалтад байгаа 196 иргэний биеийн байдал хэвийн байна. Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 6 цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн газар, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, иргэдэд заавар зөвлөмж, гарын авлага тараан ажиллаж байна.
Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн 56 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлсэн. Эдгээр зорчигчид ОХУ-ын Москва, Санктпетербург, Иркутск, Екетранбург, Новосибирск, Хиагт, Улан-Үүд, Лондон хотоос ирсэн оюутан залуучууд, иргэд байна.
Аймгийн Онцгой комисс эх орноо гээд ирж байгаа элэг нэгт ахан дүүс, оюутан залуусаа хүлээн авах ажлыг өндөр зохион байгуулалт дор гүйцэтгэж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Манай аймгийн хувьд иргэдийг хүлээн авах хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихээд байна. Хөрш Дархан-Уул аймаг ч ялгаагүй хүлээн авах хүчин чадал бас өндөр хэмжээнд хүрсэн. Иймээс бид нөхцөл байдлаа Улсын Онгой комисст танилцуулсан.
Дөнгөж сая Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг манай аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг танилцуулж, үүрэг чиглэл өглөө. Манай аймгийн тавьсан саналыг Улсын Онцгой комисс хүлээн авч ОХУ-аас орж ирж байгаа иргэдийг Орхон аймаг руу төмөр замаар буюу вагоноор тээвэрлэн тусгаарлах болсныг танилцууллаа.
Бид энэ асуудлыг Орхон аймагт даатган орхихгүй гэдгээ тодотгон хэлье. Иргэдийг Улсын хилээр орж ирэхээс эхлээд үзлэг тандалт хийх, шалган нэвтрүүлэх, тусгай вагон бэлтгэх, тээвэрлэн хүргэх гээд бүхий л үйл ажиллагааг манай аймаг хариуцан хийж гүйцэтгэнэ.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Алтанбулаг боомтоор орж ирж байгаа иргэн бүрээ бид хүлээн авч байна. Мөн олон улсын ачаа тээврийн автомашинуудыг өндөр хяналт хамгаалалт дор хил нэвтрүүлж, ачааг буулган, буцаагаад гаргах ажлыг манай аймгийн Онцгой комисс зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 57 тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, буцаах ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ бол Монголд үйлдвэрлэх боломжгүй хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлсэн Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хийгдэж байгаа ажил болохыг манай ард иргэд ойлгох хэрэгтэй. Манай аймгийн хувьд ачаалал маш өндөр байгаа гэдгийг та бүхэн бүгд харж, мэдэрч байгаа байх.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар, Алтанбулаг сумдад иргэд олон нийтийг шинэ коронавирусны халдвар, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид өдөр бүр 16-22 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүл хийн ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг энэ чухал үед сонор сэрэмжээ сулруулахгүй байх чухал хариуцлагатай ажиллах үүрэгтэй. Учир нь бид Европ тивийн хаалгыг манаж байгаа аймаг гэдгээ хором бүр санаж байх учиртай.
Хорио цээрийн дэглэмд шилжсэн энэ богинохон хугацаанд та бүгд маань түр тэвчиж хамтаараа энэ аюулт өвчинөөс урьдчилан сэргийлж, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар явахдаа хүн бүр маск зүүж, хувийн ариун цэвэрээ сахиж, хүүхэд залуучуудыг гадуур явуулахгүй байхад анхаарч, нийтийн эзэмшлийн газрууд, гудамж талбайд бөөгнөрөл үүсгэхгүй байхад иргэн бүр хяналт, шаардлагаа тавих хэрэгтэй байна.
Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр бүр энэ аюулт өвчнөөс ард иргэдээ урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа учир эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж бүрийг ар гэртээ, үр хүүхдүүддээ, хайртай хүмүүстээ өдөр тутмын дадал болгон хэрэгжүүлээрэй.
Иргэн бүрийн хувийн сахилга бат хариуцлага энэ цаг үеийн хамгийн чухал зүйл болохыг та бүхэндээ сануулж энэхүү аюулт өвчний халдвараас нэг санаа нэгдмэл зорилготой байж сэргийлж чадна гэдгийг анхааруулж хэлье.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС