ӨӨРИЙНХӨӨ АМЬ НАСЫГ ХАМГААЛАХ АСУУДАЛ НЭН ТЭРГҮҮНД ТАВИГДАЖ БАЙГАА УЧРААС ТӨР, ЗАСГААС ХИЙЖ БАЙГАА АЖИЛД НАЙДАЖ, БҮГДИЙГ ТӨРД ДААТГАЖ БОЛОХГҮЙ

Аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн  дарга Б.Ганхүү 3 дугаар сарын 23-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймагт ажиглалтад байгаа 196 иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг өөрчлөлттгүй байна. Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 7 цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажллаж байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа иргэдийг Орхон, Дархан-Уул аймгуудад ажиглалтад шилжүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгуулж байна. 2020 оны 3 дугаар 22-ны өдөр 71 иргэнийг, 3 дугаар сарын 23-ны өдөр 37, сэжигтэй 3 нийт 108 иргэнийг Алтанбулаг сумын чөлөөт бүсийн дамжин өнгөрөх А байранд түр хязгаарлан цагдаагийн хамгаалалт авч Дархан-Уул аймаг руу 27, Орхон аймаг руу 81 иргэнийг шилжүүлэн өгсөн байна.

Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу 03 дугаар сарын 18-ны өдрөөс Оросын Холбооны Улсаас Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн том оврын олон улсын ачааны 75 автоамшины хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Орхон, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгч ажиллаж байна.

Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 23-ны  өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн нийт 923 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 536 зорчигчдод зөвлөмж өгч ажилласан.

Аюултай хог хаягдлын устгалын баг Спорт сургуулийн дотуур байр, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байр, Ахмадын сувилалын тусгаарлах байрнаас 51 кг ахуйн хог хаягдлыг устгалын цэгт аваачин шатааж, булж устган хог тээвэрлэсэн автомашины тэвшийг ариутгаад байна. 

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар сумын 8 багт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, зарим төр төсөвт байгууллагын ажилтан албан хаагчдаас бүрдсэн 8 ажлын хэсэг ажиллаж байна. Эргүүлийг тогтмол хийснээр Сүхбаатар суманд иргэдийн гадуур сэлгүүцэх, хүүхэд багачууд олноор цугларах явдал багассан хэдий ч амны хаалт зүүгээгүй, буруу хэрэглэсэн, бохир амны хаалттай иргэд байсаар байна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн коронавирусийн халдвар, түүний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвийн нийтийн эзэмшлийн зам, талбай, автомашины зогсоолуудыг ариутган халдваргүйжүүлэх ажлыг хийж эхлээд байна. Энэ ажлыг цаашид тогтмолжуулан хийнэ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар:

1. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл,

2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл,

3. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгалаа.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирэх иргэдийг 3 дугаар сарын 28-ны өдрийн 06 цаг хүртэл хүлээн авч, үүнээс хойш хаах шийдвэрийг гаргалаа. Улс орон даяар 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл 14 хоног халдваргүйжүүлэлт хийгдэхээр боллоо.

Үүсээд байгаа энхүү нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байгаа халдвар хамгааллын дэглэмийг бүх нийтээрээ сахиж, өндөр хариуцлагатай байхыг та бүхнээсээ хүсье. Урин дулаан цаг ирж байгаа учир гадуур явах хүмүүсийн хөдөлгөөн эрс ихэссэн байна. Иргэд хүүхдүүдээ дагуулаад гадуур их явж байна. Энэ өвчний нөхцөл байдал дуусах болоогүй байхад бүх зүйл зүгээр байгаа мэт тайвширч хүүхдүүдээ эрсдэлд оруулж болохгүй. Тиймээс бага насны хүүхдүүдээ гадуур дагуулж явахгүй байхад онцгой анхаараарай.

Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж зааврын дагуу гадуур явж байгаа хөдөлгөөндөө хязгаарлалт хийгээч ээ гэдгийг ахин дахин хэлмээр байна. Таны өөрийнхөө амь насыг хамгаалах асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа учраас төр, засгаас хийж байгаа ажилд найдаж, бүгдийг төрд даатгаж болохгүй. Төр хийх ёстой ажлаа хийж байна. Харин иргэд та бүхэн зөвлөмж зааврыг дагаж мөрдөн ар гэртээ, байгаа орчин ахуйдаа биелүүлж хэвшүүлэх нь таны үүрэг гэдгийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС