ГУДАМЖ ТАЛБАЙД БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭН ЦУГЛАРАХ, ТОГЛООМЫН ТАЛБАЙД ХҮҮХДҮҮДИЙГ ТОГЛУУЛАХ, АЯЛЖ ЗУГААЛАХ ЗЭРЭГ ЗӨРЧИЛ ГАРГАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн  дарга Б.Ганхүү 3 дугаар сарын 24-ний өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

-3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар манай аймагт 198 иргэн ажиглалтад байгаагаас 2 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан оношлохоор шилжүүлж, дээж авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлээд байна. Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 8 цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллаж байна.

3 дугаар сарын 23-ны өдөр нийт 48 иргэнийг Алтанбулаг сумын чөлөөт бүсийн дамжин өнгөрөх А байранд түр хязгаарлан цагдаагийн хамгаалалт авч  Дархан-Уул аймаг руу 4, Орхон аймаг руу 42, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 2 иргэнийг шилжүүлээд байна.

Алтанбулаг сумын олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 24-ний өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн нийт 543 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 931 зорчигчдод зөвлөмж өгч ажилласан.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар сумын 8 багт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, зарим төр төсөвт байгууллагын ажилтан албан хаагч нарын бүрэлдэхүүнтэй эргүүл ажиллаж байна. Сүхбаатар, Шаамар суманд шатах тослох материалын худалдаа эрхэлдэг “Сод Монгол”, “МТ”, “Тэс-Петролиум”, “Ник-Петровис”, Жаст” зэрэг 7 байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэж иргэдэд үйлчилж байгаа талаар хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчил бүрт заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж зааврыг зөрчин гудамж талбайд олноороо бөөгнөрөл үүсгэн цугларах, тоглоомын талбайд хүүхдүүдийг тоглуулах, аялж зугаалах зэрэг зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна. Тэр тусмаа бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гадуур явуулах, худалдааны төв дэлгүүрээр үйлчлүүлэх, гудамж тоглоомын талбайд тоглуулах зэрэг зөрчил гаргавал эцэг эх асран хамгаалагчдад хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу. 

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээний архидалт нэмэгдэх, үүнээс болж хүүхэд эрсэлд орох магадлалтай байгаа учир хаа хаанаа хариуцлагаа чангатгаж ажиллах ёстой болж байна. Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаа учир ахуйн болон ой хээрийн түймрээс, гол усны аюулаас урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлж сонор сэрэмжтэй байхыг сануулж байна.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тэргүүн эгнээнд нүүр тулан ажиллаж байгаа Хилийн болон аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага, Зооноз өвчин судлалын төв, Хилийн цэрэг, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Цагдаа, Тагнуул, Онцгой байдал, Гааль, Сүхбаатар, Алтанбулаг сумын ЗДТГ, Мал эмнэлгийн газар, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал ус” болон цаг наргүй зүтгэж байгаа төрийн албан хаагчиддаа талархаж байгаагаа илэрхийлье.

Сэлэнгэ аймаг дахь ажиглалтын болон тусгаарлах байруудад 14 хоног ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчиддаа,  тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа Цагдаа, Онцгой, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчиддаа баярлалаа.

Эх орноо, аймаг орон нутгаа, хамт олноо, элэг нэгт ахан дүүсээ энэ аюулт өвчнөөс хамгаалж ажлын туршлага, мэдлэг чадвараа гарган зүтгэж яваа, өргөсөн тангарагтаа үнэнч та бүхнээрээ бахархаж байгаа илэрхийлье.

Бидний ажлыг дэмжиж бүх талын хандив тусламжийг үзүүлж сэтгэл гарган хамтран ажиллаж байгаа төр төсөв, олон улсын болоод төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэддээ халуун талархал илэрхийлье.

Та бидний хамтын хичээл зүтгэл, эв найрамдалтай байдал, хувь хүний болоод гэр бүлийн сахилга хариуцлага үүсээд байгаа нөхцөл байдал, энэхүү хүнд цаг үеийг ялан дийлж даван гарах хамгийн гол хүчин зүйл байх болно гэдгийг нийт ард иргэддээ анхааруулж хэлье.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС