АЖИГЛАЛТЫН БАЙРАНД БАЙГАА ИРГЭДДЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯНАЛТЫГ ТОГТМОЛ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 3 дугаар сарын 25-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Манай аймагт тусгаарлан ажиглалтад 199 иргэн байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байна. Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 9 цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллаж байна.

Алтанбулаг боомтоор:- ачааны 3 автомашинаар 4 зорчигч, суудлын 1 автомашинаар 2 зорчигч, явганаар 43 зорчигч нийт 49 зорчигч хилээр нэвтэрсэн. Зорчигчидод эрүүл мэндийн тандалт хийж, асуумж судалгаа аван халууныг хэмжин нэвтрүүлж, Орхон аймаг руу 40 иргэнийг шилжүүлж, Алтанбулаг сумын ЗДТГ-ын тусгаарлах байранд 1 иргэнийг тусгаарласан. 3 дугаар сарын 25-ны 01:00 цагт хилээр дамжин орж ирсэн 4 иргэнийг Алтанбулаг сумын дамжин өнгөрөх “А” байранд түр хязгаарлаад байна. Тус боомтоор гарах чиглэлд 11 ачааны машинаар 11 жолооч зорчигч хил нэвтэрсэн.

Ажиглалтын байранд байгаа иргэддээ эрүүл мэндийн хяналтыг тогтмол тавьж ажиллаж байна. Суурь өвчлөлтэй 21 хүн байгаагийн 4 нь давхардсан оноштой байна. Үүнээс артерийн даралт ихсэлттэй-5, Чихрийн шижинтэй-3, Циститтэй-2, Бөөрний үрэвсэлтэй-3, Нойр булчирхайн үрэвсэлтэй-3, Тархины хуучин гэмтэлтэй-1, Элэгний хатууралтай-1, Өрцний ивэрхийтэй-1, Цээжний бах-1, Харшилтай-2, Гуурсан хоолойн багтраатай-1, Толгойн өвдөлттэй-1, Ойрын харалган-1, Ихэс шохойжилттой-1, харшилтай-2 хүн байна. Ажиглалт, тусгаарлалтын байруудад байгаа 24 иргэнд шинж тэмдгийн эмчилгээг хийж байна. Эмэгтэйчүүд, мэдрэл, сэтгэц, дотор, дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд 8 хүнийг хамруулсан. Өдөр тутамд иргэдийн биеийн халууныг үдээс өмнө, хойш 2 удаа хэмжиж байгаа бөгөөд иргэдийн биеийн халуун хэвийн байна. Тусгаарлан ажиглах байруудад 26 эмнэлгийн мэргэжилтнүүдийг 14 хоногоор дайчлан ажиллуулж байна.

ОХУ-аас ачаа тээврийн 25 тээврийн хэрэгсэл орж ирснийг хамгаалалтад авч 6 тээврийн хэрэгслийг Сүхбаатар суманд, 19 тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Нийт нутгаар цас орж цасан шуурга шуурсантай холбогдуулан 20:50 цагт УОК-ын шуурхай штабын даргын шийдвэрээр Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон.

Алтанбулаг сумын олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 25-ны өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн нийт 569 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 957 зорчигчдод зөвлөмж өгч ажилласан.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар сумын 8 багт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, зарим төр төсөвт байгууллагын ажилтан албан хаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр 42 албан хаагч үүрэг гүйцэтгэж, 96 хүнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Сүхбаатар сумын архи согтууруулах ундаа хэрэглэдэг иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэдэг эмзэг цэгүүдийн Цагдаагийн газрын эргүүлийн чиглэлд оруулж, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан иргэд, хүүхдүүд “Гэрэлт цогцолбор”, Партизаны талбай руу найз нөхөд, анги, хамт олноороо бүлэг бөөгнөрөл үүсгэн алхах, гүйх, байрны гадна талын гудамж талбай, саравчинд суух зэрэг үйлдлүүд илэрсэн тул хорио цээрийн дэглэмийг сахиж, бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй, амны хаалтаа тогтмол зүүж хэвших талаар анхаарууллаа.

3 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 - 18:00 цагийн хооронд аймгийн Онцгой комиссын гишүүн, Сүхбаатар сумын удирдлага, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, цагдаа нар хамтран тус сумын хог ихээр төвлөрсөн гуу жалга, цэгийн нөхцөл байдалтай танилцаж, эзэнгүй айл, өрхийн судалгааг гаргаж, хяналтыг сайжруулах талаар ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Нийт ард иргэддээ хамтын хичээл зүтгэл, эв нэгдэл, хувь хүний сахилга бат, хариуцлагатай байдлаар үүсээд байгаа энэхүү хүнд цаг үеийг даван гарахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС