УЛСЫН ХОЙД ХИЛЭЭ МАНАЖ БАЙГАА СЭЛЭНГЭЧҮҮД БИДНИЙ ХУВЬД СОНОР СЭРЭМЖЭЭ УЛАМ САЙЖРУУЛАХ, ХҮН БҮР ХУВИЙН ХАРИУЦЛАГА, САХИЛГА БАТАА ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖ БАЙНА

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 3 дугаар сарын 26-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

-Алтанбулаг боомтын орох чиглэлээр 3 дугаар сарын 26-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 20 тээврийн хэрэгсэл болон явганаар 104 зорчигч хил нэвтэрсэн байна. Нийт зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор 2 зорчигчийг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор 2, ажиглалтад  19 зорчигчийг, Орхон аймаг руу ажиглалтад  44 зорчигчийг тус тус шилжүүлсэн. Одоогийн байдлаар Алтанбулаг суманд байрших дамжин өнгөрөх байранд 15 зорчигч түр хязгаарлагдаад байна.

Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 11 тээврийн хэрэгслийн 13 жолооч, Сүхбаатар сумын гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 4 тээврийн хэрэгслийн 4 жолооч, Орхон аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 1 тээврийн хэрэгслийн 1 жолооч, Дархан-Уул аймагт ачаа буулгах 1 тээврийн хэрэгслийн 1 жолооч нийт 19 жолоочийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хилээр нэвтрүүлж, Цагдаагийн байгууллагын хяналт хамгаалалтад авч явуулж байна. Бусад жолооч нарт хилийн бүсэд хяналт шалгалт хийгдэж байна. Дээрх хугацаанд Алтанбулаг боомтын гарах чиглэлээр нийт 5 тээврийн хэрэгслээр болон явганаар 15 зорчигч  хил нэвтэрсэн.

Улсын хойд хилээ манаж байгаа Сэлэнгэчүүд бидний хувьд сонор сэрэмжээ улам сайжруулах, хүн бүр дор бүрнээ хувийн хариуцлага, сахилга бат, ариун цэвэр, ахуйн дэглэмээ сахих үүргээ сайн биелүүлэх шаардлагатай болж байна. Учир нь хилийн цаахна буюу манай аймагтай хил залгаа Буриадын зарим районуудад аюулт өвчний шинж тэмдэг илэрсэн мэдээлэл байна.

Иймээс онцын буюу хүндэтгэх шалтгаангүй л бол гэрээс гарахгүй байх, ойр зуур гарсан тохиолдолд маскаа зүүх, хүн бүр бусаддаа шаардлага тавих, өөрсдийн үр хүүхдээ гадуур гаргахгүй байх, хэрэв таны явж байгаа газар олон хүний бөөгнөрөл үүсч, хүүхдүүд цугларсан байвал аймаг, сумын шуурхай штабад дариу мэдэгдэх зэргээр нийгмийн хариуцлагаа биелүүлж байхыг зөвлөж байна. Наад зах нь та таксинд суулаа гэхэд жолооч нь маскаа зүүгээгүй бол шаардлага тавих ухамсартай байж бид энэ аюулыг даван гарна шүү гэдгийг онцлон хэлье.

Олон нийтийн үйлчилгээний газруудаар иргэд ихээр явж гэртээ байж дэглэмээ зөрчиж байна. тухайлбал сүүлийн 3 хоногт гэхэд аймгийн Нэгдсэн эмнэлгээр 1 өдөрт дундажаар 750-950 хүн орж гарч байна. Манай эмнэлгээс эдгээр иргэдийн дунд ажиглалт судалгаа хийхэд 950 иргэдийн талаас илүү хувь нь хэн нэгнийг 2, 3-аараа дагасан, эсвэл ямар үйлчилгээ авах нь тодорхой бус онцын шаардлага гараагүй иргэд байна.

Аймгийн Онцгой комиссоос тусгай горимоор ажиллаагүй төрийн байгууллагуудын удирдлагуудад төрийн албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах, боломж бололцоотой бол гэрээс нь ажил үүргийг нь гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллах чиглэл, үүрэг өгсөн байгаа. Нэгэнт төрөөс ийм боломж бололцоогоор хангаад байхад Төрийн албан хаагчид бусдад үлгэрлэл болж гэрээс гарахгүй байх, байгаа байгаа орчиндоо иргэдэд Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу шаардлага тавьж байх, шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд баримтжуулан холбогдох газарт шуурхай дамжуулах үүргээ давхар биелүүлж байхыг үүрэг болгож байна.

Улсын шуурхай штабын дарга, хурандаа Ууганбаярын мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж  манай ихэнх иргэд сонссон байх. Манай аймагт ч мөн адил хүндрэл бэрхшээлүүд гарч байгаа. Жишээлбэл: ажиглалтад байсан хугацааны хоолны зардлаа төлөхгүй байх, урьдчилан бэлтгэсэн байр, хоол голж шилэх, халуурч бүлээрч байна гэсэн худал дуудлага өгч эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учируулах гэх мэтээр ааш авир гаргаж байгаа иргэд бас байнаа. Бидэнд энэ иргэдтэй хэрүүл маргаан өрнүүлээд байх цаг зав алга аа. Холбогдох материалыг нь бүрдүүлээд Цагдаагийн байгууллагад шилжүүлж байна.

Хэсгийн цагдаа, тухайн багийн сургуулийн багш, Засаг дарга онцгой байдлын газрын ажилтан, агентлагийн дарга нараас бүрдсэн баг аймгийн төвийн багуудад хуваарьт эргүүл хийж байна. Энэ жишгийг бусад бүх сумд хэрэгжүүлж сум, багийн нутаг дэвсгэрт 24 цагийн эргүүлийг ажиллуул.

Олон нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэд, үйлчилгээний газрууд онцгой байдлын үеийн дэглэм зөрчсөн тохиолдолд газар дээр нь зөрчлийг арилгуулж, зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож ажиллахыг даалгасан Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж ажилла.

Хамтын хичээл зүтгэл, нэгдмэл санаа зорилготойгоор энэ цаг үеийг даван туулж ялан гарахыг нийт ард иргэддээ уриалж, хувийн үүрэг хариуцлагаа өндөржүүлж ухамсартай байхыг анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС