ИРГЭД ТУСГААРЛАЛТААС ГАРСАН ДАРУЙДАА ГЭРТЭЭ 14 ХОНОГ ӨӨРИЙГӨӨ ХЯНАХ ҮҮРЭГТЭЙ

Аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 3 дугаар сарын 27-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Манай аймагт ажиглалтад байгаа 191 иргэний биеийн байдал хэвийн байна. 3 хүний сорьцын хариу маргааш гарахаар хүлээгдэж байна. Иргэдийн эрүүл мэндийг тогтмол хянаж байна. Тусгаарлан ажиглах байруудад 25 эмнэлгийн мэргэжилтнүүдийг 14 хоногоор дайчлан ажиллуулж байна. Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 9 цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллаж байна.

Алтанбулаг боомтын орох чиглэлээр 3 дугаар сарын 27-ны өдрийн 8:00 цаг хүртэлх хугацаанд нийт 34 тээврийн хэрэгсэл болон явганаар 253 зорчигч хил нэвтэрсэн байна. Зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийн ачааны автомашины жолоочоос бусад 222 зорчигчоос:

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор 20, тусгаарлан ажиглахаар 14 зорчигчийг,

-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор 5 зорчигчийг, Алтанбулаг сумын тусгаарлах байранд 1 зорчигчийг,

-Баянбуурал амралтын газарлуу ажиглалтад 149  зорчигчийг,

-Дамжин өнгөрүүлэх байранд 33 иргэнийг шилжүүлээд байна. 

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, зарим төр төсөвт байгууллагын ажилтан албан хаагч нараас бүрдсэн баг аймгийн төвийн багуудад хуваарьт эргүүл хийн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 102 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэл, аймгийн Онцгой комиссын 3 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн Алтанбулаг сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэд, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай” А/41 дүгээр захирамжаар 3 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 28-ны өдрийг дуустал хугацаанд Алтанбулаг сумаас гарах, орох иргэд зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан.

Манай аймгийн хувьд Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдээ 3 дугаар сарын 28-ны буюу маргааш өглөөний 06 цаг хүртэл хүлээн авч, Улсын хойд хилийг хаах болохыг ард иргэддээ анхааруулж хэлье.

Манай аймагт зарим иргэний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дуусгавар болж гэр гэртээ харьж байгаа. Уг иргэд тусгаарлалтаас гарсан даруйдаа гэртээ 14 хоног өөрийгөө хянах үүрэгтэй. Эрүүл байгууллагын зөвлөгөөгөөр гэрийн ажиглалтад шилжиж байгаа хүмүүст маш хатуу зөвлөмжийг өгч байгаа. Энэ иргэд дээд зэргийн зохион байгуулалттай, хариуцлагатай байх нь хамгаас чухал.  Иргэдэд ТЕГ, ЦЕГ,  ОБЕГ зэрэг хүчний байгууллагуудтай хамтарсан хяналт тавигдана. Хамгийн гол нь иргэд өөрийгөө хуурах нь гэр бүл, ах дүү, хамаатан саднаас эхлээд үндэстнээ аюултай байдалд оруулах эрсдэлтай гэдгийг ойлгох нь зүйтэй.

Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж зааврын дагуу гадуур явж байгаа хөдөлгөөндөө хязгаарлалт хийх хэрэгтэйг нийт иргэддээ сануулъя. 

Таны өөрийнхөө амь насыг хамгаалах асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа учраас төр, засгаас хийж байгаа ажилд найдаж, бүгдийг төрд даатгаж болохгүй гэдгийг хатуу ойлгоорой.

Төр хийх ёстой ажлаа хийж байна. Харин иргэд та бүхэн зөвлөмж зааврыг дагаж мөрдөн ар гэртээ, байгаа орчин ахуйдаа зөв дадлыг хэвшүүлэх нь таны үүрэг гэдгийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС