МАНАЙ АЙМАГТ 200 ИРГЭН АЖИГЛАЛТАД БАЙНА

Аймгийн ОБГ-ын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Ганхүү 3 дугаар сарын 28-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Та бүхэндээ Бямба гарагийн ээлжит мэдээллээ хүргэж байна.

Манай аймагт тусгаарлан ажиглалтад 191, нэмж сэжигтэй 9 иргэн нийт 200 иргэн байна. Иргэдийн биеийн байдал хэвийн байна.

Алтанбулаг боомтын орох чиглэлэд 3 дугаар сарын 27-ны өдрийн 8 цагаас 28-ны 6:00 цаг хүртэлх хугацаанд нийт 35 автомашин 264 зорчигчийн халууныг хэмжин асуумж судалгаа, тандалт хийж, ажилласан байна. Гарах чиглэлд нийт 41 автомашин, 47 зорчигч дамжин өнгөрсөн байна.

Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийж

- Сэжигтэй тохиолдлоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 9,

- Алтанбулаг сумын дамжин өнгөрүүлэх байранд 49,

- Дархан-Уул аймагт тусгаарлан ажиглахаар 28,

- Төв аймгийн “Баянбайгаль”, “Баянхангай”, “Батсүмбэр”, “Ивээлэн” зэрэг амралт, сувилалын газруудад 145 нийт 231 зорчигчийг тус тус шилжүүллээ.

Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү даргаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Засгийн газрын 102 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомт өнөөдөр буюу 3 дугаар сарын 28-ны өглөөний 06 цагаас эхлэн хаагдаж байгааг ард иргэддээ хэлье.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өчигдөр мэдэгдэл хийснийг та бүхэн сонссон байх. Энэ үеэрээ Монгол Улсын Засгийн  газраас  Монгол хүний эрүүл мэндийн байдлыг хангах, Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах гэсэн 2 үндсэн зорилгыг барьж ажиллаж байгаагаа танилцууллаа. Мөн өгөгдсөн үүрэг даалгавруудыг шат шатандаа сайн хэрэгжүүлж байгааг сайшаалаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс цаг тухай бүрт хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасны үр дүнд Монгол Улс өнөөдөр тайван, дотооддоо халдварын тохиолдол бүртгэгдээгүй цөөн улсын нэг болж байгааг онцлон тэмдэглэлээ. Ард иргэд төр засгаас гаргасан бүх шийдвэрийг дагаж мөрдөх нь чухал байгааг анхааруулж, шуудхан хэлэхэд бидэнд үхэх үү, сэхэх үү гэдэг сонголт тулгарсан байгаа гэдгийг анхааруулж хэллээ. Бүгд өндөр сонор сэрэмжтэй байх нь эрхэм зорилго болохыг, ард иргэд эрүүл байх ёстойг, төр засаг боломжтой нөөц бололцоогоо дайчлан ашиглаж байгааг ард иргэддээ анхааруулан танилцуулсан.

Сүхбаатар сумын Засаг даргын 2020 оны “Иргэд, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай” А/66 тоот захирамжийн дагуу “Номт” амралтын газрын уулзвар, “Сүхбаатар” самбар зэрэг 2 байршилд хяналтын цэг ажиллуулж, тус сумаас гарч, орж байгаа тээврийн хэрэгслийг бүртгэн, зорчигчдын халууныг хэмжин эрүүл мэндийн мэдүүлэг бөглүүлж, нийт 360 тээврийн хэрэгсэл, 960 иргэнийг нэвтрүүлээд байна.

Аюултай хог хаягдлын устгалын баг 60 кг тусгай хог хаягдалыг хог устгах цэгт шатааж, булж устган, устгал дууссаны дараа автомашины тэвшинд халдваргүйжүүлэлт хийн, устгалын багт ажилласан бүрэлдэхүүн 1 удаагийн хувцасыг шатааж устгасан.

            Сэлэнгэчүүд бидний хувьд хил залгаа Буриадын нутаг дэвсгэрт энэхүү аюулт өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа тул  байгаа орчиндоо ахуйн ариун цэврийг чанад сахиж, иргэний үүргээ ухамсарлан ойлгож, өндөр хариуцлагатай, сахилга баттай байх нь хамгаас чухал болоод байна.

Таны гэр өөрийг чинь болоод хайртай хүмүүсийг тань хамгаалах хамгийн найдвартай газар болохыг маш сайн ойлгох хэрэгтэй. Нийт ард иргэддээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй гэртээ хувийн ариун цэвэр, халдваргүйтлийг сахиж байхыг анхааруулж байна.  

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС