ӨНӨӨДӨР 37 ИРГЭНИЙ ТУСГААРЛАН АЖИГЛАХ ХУГАЦАА ДУУСЧ ГАРНА

3 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн байдлаар манай аймагт 199 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгээс Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн 10 хүний сорьцын хариу бүгд “сөрөг” гарсан. Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны 14 дүгээр хурлын тэмдэглэлийн дагуу гадаад улсаас ирж тусгаарлагдаж байгаа иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож тусгаарлалттай холбоотой зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах, 3 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө хилийн автозамын боомтоор орж ирсэн иргэдийг тусгаарлах байранд 14 хоног тусгаарлах, тусгай захиалгат нислэгээр ирсэн болон 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн авто замын боомтоор орж ирж тусгаарлах  байранд орсон иргэдийг 21 хоног тусгаарлах, тусгаарлалтын хугацаанд 3 удаа хувийн хэрэгэглээний зүйлсийг хүргүүлж авах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарсныг хэрэгжүүлэн ажиллаж байна.

2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр буюу өнөөдөр нийт 37 иргэнийг тусгаарлан ажиглах хугацаа дуусч байгаа тул Эрүүл мэндийн газраас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу орон нутагт нь хүргэх ажлыг Аймгийн Онцгой комиссоос зохион байгуулан ажиллана. Эдгээр иргэдийн тусгаарлан ажиглах хугацаа дуусч ажиглалтын байрнаас гарч байгаа хэдий ч орон нутагтаа очин, харъяа Эрүүл мэндийн байгууллагын хяналтан дор үргэлжлүүлэн 7 хоног гэрийн хяналтад байна.

Алтанбулаг боомтын орох чиглэлд 3 сарын 29-ны өдрийн 08.00 цагаас 3 сарын 31-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд ачааны 45 авто машинаар 49  зорчигч, албаны 8 машинаар 29 зорчигч нийт 53 тээврийн хэрэгслийн 74 жолооч хил нэвтэрсэн байна.  Зорчигчдоос эрүүл мэндийн асуумж судалгаа авч, эмнэлзүйн  шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгч хилээр нэвтрүүлэн ажилласан.

Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 22 тээврийн хэрэгслийн 25 жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах 11 тээврийн хэрэгслийн 11 жолооч, Орхон аймагт ачаа буулгах 1 тээврийн хэрэгслийн 1 жолооч буюу нийт 37  жолоочийн эрүүл мэндийн байдалд үзлэг, тандалт хийн хил нэвтрүүлж цагдаагийн хамгаалалтад шилжүүллээ.

Алтанбулаг сумын олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн Пунктээр 3 дугаар сарын 01-нээс 31-ний өдрүүдэд ОХУ-аас Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн нийт 689 тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, 1085 зорчигчдод зөвлөмж өгч ажилласан.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, зарим төр төсөвт байгууллагын ажилтан албан хаагч нараас бүрдсэн баг аймгийн төвийн багуудад хуваарьт эргүүл хийн ажиллаж байна.

Сүхбаатар суманд аюултай хог хаягдлын устгалын баг 140 кг хогийг хог устгах цэгт шатааж, булж устгаж, устгал дууссаны дараа автомашины тэвшинд халдваргүйжүүлэлт хийн, устгалын багт ажилласан бүрэлдэхүүн 1 удаагийн хувцасыг шатааж устган, дээрх байрнуудын 180м2 талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байна.

Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж зааврын дагуу гадуур явж байгаа хөдөлгөөндөө хязгаарлалт хийж, ахуйн ариун цэврийг сайтар сахин өндөр хариуцлага сахилга баттай байхыг нийт иргэддээ анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС