АЙМГИЙН ТӨВИЙН ХОГТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ӨНДӨР ТҮВШИНД АВЧ ҮЗЭЖ, ИРГЭН БҮРТЭЙ ТУЛЖ АЖИЛЛАНА

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд өнөөдрийн байдлаар 8 багийн 5825 өрхөд нийт 22500 иргэн амьдарч байна. Хотжилт нэмэгдэж, хүн ам өсөхийн хэрээр хог хаягдлын зохисгүй хэрэглээ ихэсч байгаа. Энэ утгаар тус сумын ЗДТГ-аас мөнхийн сэдэв болсон хогны асуудлыг нэг мөр болгон цэгцлэхээр ажиллаж байна.

Тодруулбал өнгөрсөн 3-р сарын 31-ний өдрөөс эхлэн Сүхбаатар сумын ЗДТГ-аас 8 багийн 200 гаруй иргэний хүчээр сумыг хоггүй болгох их цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн. Эдгээр өдрүүдэд айл өрхүүд хашаа саравч орчин тойрноо цэвэрлэхийн зэрэгцээ албан байгууллагууд ч өөрийн эзэмшлийн 50м2 талбайг цэвэрлэжээ. Энэхүү ажилд 8 багт байгаа бүртгэлтэй ажилгүй иргэдийг оролцуулан хоёр өдрийн цалинтайгаар ажиллуулсан байна. Үүнийг аймгийн Хөдөлмөр халамжийн төвтэй хамтран хэрэгжүүлжээ. Мөн баг тус бүрээс зарим иргэн сайн дураараа сэтгэл гарган нэгдэж оролцсон байна. Хаягдал хогийн ихэнх нь архины шил, ундааны сав, гялгар уут байлаа хэмээн оролцогчид ярьж байв.

Сүхбаатар сумын ЗДТГ-аас хоггүй хотод амьдрах төлөвшлийг бий болгохын тулд иргэн, айл өрх бүртэй тулж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Нэг удаа цэвэрлээд цэвэрхэн болгож болно. Гэсэн ч иргэд дахиад л хогоо хаяна. Ингэж үргэлжилсээр хог гэдэг мөнхийн сэдэв байсаар л байна. Иймд хогтой холбоотой асуудлыг нэлээд өндөр түвшинд авч үзэж, иргэн бүртэй тулж ажиллахаас өөр аргагүйд хүрлээ хэмээн сумын Засаг даргын орлогч Б.Отгонзаяа хэллээ. Мөн тэрээр тодорхой шатлалтай арга хэмжээг авч ажиллана гэдгээ ч онцолсон.

Тодруулбал нийтийн эзэмшлийн талбай буюу ойролцоо 50м2 талбайг цэвэрлээгүй бол зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах гэнэ. Мөн ил задгай хог хаясан иргэн, хуулийн этгээдийг барьж илрүүлэх арга хэмжээг хэдэн сувгаар авч хэрэгжүүлэх аж. Энэхүү ажлаа Замын цагдаагийн газар, иргэд олон нийт, багийн Засаг дарга, хэсгийн ахлагч, цагдаагийн төлөөлөгч нартай хамтарч хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн хог тээвэрлэн хаяж байгаад баригдсан тохиолдолд жолоочийн эрхийг хасах хүртэл арга хэмжээ авах ажээ.