СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ: ИРГЭДЭЭ ХАМГИЙН ЭХЭНД ТАВИНА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил манайхны ярьж заншсанаар "25 дугаар точка"-ийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, 25 дугаар гарам түүний орчин байдалтай танилцлаа. Өнгөрсөн намраас эхлээд тус орчинд амьдардаг айл өрхүүд, төмөр зам хоёрын дунд гарам хааснаас үүдэлтэй үл ойлголцол гарсаар өнөөдрийг хүрч байна.

Төмөр замын байгууллага 3 эгнээ зам тавьж өргөтгөл хийснээр тус зөрлөгийн айл өрхүүдийн гарч, ордог зам хаагдаж, автомашин бойны тохойгоор 10 гаруй км тойрч явах болсон. Ингэж тойрч очих нь эрсдэл дагуулж байгааг хэдхэн хоногийн өмнө тус зөрлөгт гарсан гал түймэр харуулсан. Энэ байдлаас үүдэн оршин суугч иргэд бүр ч их бухимдан санал гомдлоо илэрхийлж байгаа. Төмөр замын зүгээс аймгийн Засаг даргад цөөн хоногийн хугацаатай зам засварын ажлыг хийнэ гэдгээс өөр албан хүсэлт илэрхийлээгүй бөгөөд засвар эцэстээ “хаалт” болж хувирчээ.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил тухайн гарамыг нээлгэх байр суурьтай байгаагаа иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа илэрхийлж, “миний энэ байр суурийг дээд удирдлагууддаа албан ёсоор танилцуулж, арга хэмжээг хурдан хугацаанд ав” гэдгийг Сүхбаатар зангилааны дарга Л.Довчинбазарт хэллээ. Аймгийн даргын хувьд иргэдээ тэргүүн эгнээнд хамгийн эхэнд тавина, төмөр замын зүгээс оршин суугч иргэдийг чөлөөтэй гарч орох боломж нөхцөлөөр хангахгүй бол хариу арга хэмжээг авна гэлээ.


Төмөр замын байгууллагаас шинээр тавьсан 3 эгнээ замын гарам дээр зөвхөн явган хүн гарах гарцыг хийжээ. Автомашинтай, таксигаар зорчих оршин суугчид бойны тохой болон буурийн голын гүүрээр явж байна. Буурийн голын гүүр автомашины албан ёсны зам биш бөгөөд зөвхөн бага оврын машин нилээд амаргүй нөхцөлд гарах аж. Харин гал унтраах, худаг усны болоод хүнд даацын том оврын авто машинууд бойны тохойгоор тойрч явахаас өөр аргагүй байдалд хүрчээ.