АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ АЙМГИЙН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО БОЛОН ДЭЛХИЙН АВАРГА Б.ШИНЭТУЛГА ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Шинэ төрлийн коронавирусын улмаас улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж халдвар хамгааллын дэглэм дээд түвшинд тавигдаж байна. Тэр тусмаа Сэлэнгэ аймгийн хувьд онцгой нөхцөлд байдалд ажиллаж байна. Учир нь Улсын Онцгой комиссын шийдвэрээр Олон Улсын ачаа тээврийн хэрэгслийг ганцхан Алтанбулаг боомтоор нэвтрүүлж байгаа нь манай аймгийн хувьд бусад аймаг орон нутгаас ялгарах онцлог болж байгаа юм.


Аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд төрийн болоод төрийн бус, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэд, анги хамт олон хандив тусламж үзүүлж эрвийх дэрвийхээрээ дэм болцгоож байна. Өнөөдөр Д.Баатар даргатай аймгийн Жүдо бөхийн холбооноос 1.0 сая, Жюү жицү бөхийн дэлхийн аварга Б.Шинэтулга дэлхийн аваргын шагналын мөнгөнөөсөө 500.0 мянган төгрөгийн мөнгөн хандивыг аймгийн Онцгой комиссын эрсдлээс хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг болгон хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил аймгийн Жүдо бөхийн холбоо болон дэлхийн аварга Б.Шинэтулга нарт “Талархал” хадгалууллаа.

Энэ үеэрээ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэчүүд бид Монгол Улсаа хамгаалж байгаа учир илүү их хариуцлага хяналт биднээс хамаарч байна” гэдгийг тодотгон хэллээ.