ЗУЛ БИЧИГ

ЗУЛ БИЧИГ

НЯНГАРЫН ЦЭЭРЭН
/1925-2020/

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Монгол Улсын Гавъяат агрономич, ахмад дайчин Нянгар овогтой Цээрэн нь 2020 оны 05-р сарын 25-ны өдөр таалал төгсч, түүний гэр бүл, төрөл садан болон газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт хүнд гарз тохиолоо.
Тэрбээр 1925 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. Увс аймгийн Бөхмөрөн суманд 8 жилийн сургуулийг дүүргэж, ХАА-н дээд сургуулийг 1964 онд агрономич мэргэжлээр дүүргэсэн.
Н.Цээрэн нь 1959 оноос эхлэн газар тариалангийн салбарт ажиллаж Атрын I, II,III аяныг зохион байгуулах улсын хэмжээний нөр их ажилд гар бие оролцон эх орныхоо аль хэрэгцээт газарт улс, аймгийн шийдвэрээр хуваарилагдан очиж, өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ дагнан үр бүтээлтэй ажиллан Монгол Улсын Гавьяат агрономич гэсэн эрхэм дээд цолыг 1989 онд хүртсэн билээ.
Тэрбээр1945 оны Эх Орны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин юм.
Өөрийн ухамсарт амьдралын 50-иад жилийг зөвхөн газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулан улс, аймаг, сумын газар тариалангийн бодлогыг тодорхойлж ирсэн манай ахмад үеийн шилдэг мэргэжилтэн байсан юм.
Н.Цээрэн нь газар тариалангийн үйлдвэрлэлд үнэлж баршгүй санаачлага гарган ажиллаж байсан юм. Тухайлбал: 1964 онд ихэнх талбайг хагалж боловсруулдаг, хавар бүр борнойдоод байвал хөрсний үржил шим салхинд их хэмжээгээр хийснэ гэж агро технологийн гормыг тэр үед зоригтойгоор өөрчилж байсан нь одоогоор хөрсний үржил шимийг алдагдуулахгүй байх “О” боловсруулалтын үндсийг тавьж байлаа. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд “1 га“ талбайгаас авах ургацыг 2,5-3,0 цн-ээр нэмэгдүүлж эх орны хүнсний үйлдвэрлэлд чухал хувь нэмэр оруулж байв.
“Түүнчлэн хөрс хамгаалах ажил муу гэж жирийн тариаланчаас эхлээд дарга сайдгүй ярих боловч газар дээрээ хийсэн ажилгүй байна. ХАА-н техник нь хөрсийг их онгичин эвддэгээс хөрсний үндсэн ургамлын бүтэц алдагдаж байна. Иймд хөрсийг аль болох олон хөдөлгөхгүйгээр боловсруулалт хийх нь чухал юм” гэсэн уриалгыг тэртээх 1987 онд гаргаж байсан нь өнөөдрийн амьдралд биелэлээ олж, өөрийнх нь энэ санал ч өөрийн санаачлан байгуулсан нөхөрлөл болон Орхонтуул сумын нийт тариаланчдад ажлын зөв туршлага болон амжилттай хэрэгжиж байна.
Н.Цээрэн нь 1980 оноос хойш өнөөдрийг хүртэл Орхонтуул суманд ажиллаж хаврын хаварт хөрсний чийг, намрын ургац хураах технологийн явж үзэн тухайн талбайн эздэд талбай бүрийн чийгийг нь танилцуулж, тариалах, ургац хураах технологийн горим, хугацааг нь тодорхойлон өгч байсан газар тариалангийн салбарт ажиллагсдын багш нь болсон халамжлан хүмүүлэгч хүн байлаа.
Түүний олон жилийн Газар тариалангийн салбарт оруулсан нөр их хөдөлмөр, гавьяа зүтгэл, амжилт бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж:
-1979 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Атарчдын алдар” медаль,
-1981 онд онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Монгол Ардын Хувьсгалын 60 жилийн ойн хүндэт медаль,
-1986 онд БНМАУ-ын “Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Алтан гадас” одон,
-1999 онд Иргэний хамгаалалын “Тэргүүний ажилтан”,
-2001 онд Монгол Улсын Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль,
-2009 онд Монгол Улсад Атар газар эзэмшиж, газар тариалан бие даасан салбар болгон хөгжүүлсэний 50 жилийн ойн медаль,
-2010 онд Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн медаль,
-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”,
-2011 онд МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнол” одон медаль,
-2015 онд 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн медаль,
-2019 онд Атар газар эзэмшсэний түүхт “60 жилийн ойн медаль”,
-2019 онд Монгол Улсын баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн тэмдэг,
-2020 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ялалтын 75 жилийн ойн медаль”-аар шагнаж, урамшуулсан.
Газар эхийн шимт хөрснөөс ширгэшгүй урган долгиолдог алтан тариан тэнгисийн хүчирхэг улаан хөлгийг жолоодон хөдөлмөр алдрын оргилд хүрсэн “Монгол Улсын Гавьяат аргономич” Нянгарын Цээрэнгийн эгэл жирийн мөртлөө эрэлхэг баатарлаг хөдөлмөр бүтээлийн эрхэм сайхан дуурайлал нь өнөө үеийнхэн бидний бахархал болон дурсагдана.
Талийгаачийн Улс эх орныхоо хөгжил, тэр дундаа газар тариалангийн салбарыг хөгжүүлэн, бэхжүүлэх үйлсэд оруулсан, хөдөлмөр бүтээл, шаргуу хөдөлмөрч, тууштай, хамт олноо сурган хүмүүжүүлж, сургахын төлөө эрмэлзэж ирсэн зан чанар, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, даруу төлөв төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР