Ус цаг уурын албаны түүхт ой тохиолоо
Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний 90, Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба байгуулагдсаны 50 жилийн ойн баяр 08-р сарын 22-ны өдөр тохиолоо. Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат баярын хуралд оролцож нийт цаг уурчиддаа баярын мэндчилгээ хүргэлээ.
 
Монгол орны маань газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл байгаль цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай байдаг учраас цаг агаарын урьдчилсан мэдээ чухал нөлөөг үзүүлсээр ирсэн. Өнөөдөр манай иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг бүх төрлийн мэдээллийн сувгаар, өөрийн гар утаснаасаа хүртэл өдөр тутам авах боломжтой болсон нь цаг уурчдын хичээл зүтгэлийн үр дүн юм.
 
Сүүлийн жилүүдэд цаг уурчид цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх болсноор үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургацыг ахиулах, ой хээрийн түймрийг унтраахад ихээхэн дэмжлэг болж, түймэр гарах, байгаль цаг уурын сөрөг нөлөөллийг багасгахад чухал нөлөө үзүүлж байна.
 
Цаг уурчдын ажил, мэдээлэл 8 настай балчираас 80 настай буурал хүртэл хүн нэг бүрт хүрч бас хэрэглээ болж чадаж байгаа. Өнөөдрийн энэ ололт амжилтаа улам бүр бататгаж дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж байгалийн гамшигт үзэгдэл ихсэх хандлагатай болсон энэ цаг үед энэ бүхнийг аль болох урьдчилан судалж мэдэх, мэдээллэх ажилд тус албаныхан ханцуй шамлан ороод байгаа ажээ.
 
 
Ажилдаа амжилт гаргасан олон хүмүүс түүхт ойн энэ өдөр төрийн дээд одон медаль, аймаг, салбарын шагналаар шагнагдаж, хүн нэ бүр баяр бахдал дүүрэн байлаа.