Ө.СУВДАА: СОНГУУЛИЙН ХОРООДЫН БЭЛТГЭЛ АЖИЛ БҮРЭН ХАНГАГДСАН

Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо байгуулагдсан цагаасаа эхлэн бүх төлөвлөгөөт ажлыг зохион байгуулан ажилласан байна. Сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаагаас тодрууллаа.

-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн явж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ удаагийн сонгуулийг Сэлэнгэ аймагт нийт 1000 гаруй төрийн албан хаагч зохион байгуулан оролцох гэж байна. Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт 4 нам, 4 эвслээс 17, бие дааж 4, нийт 23 нэр дэвшигч СЕХ-нд бүртгэгдэж, үнэмлэхээ авсан. Энэ жилийн сонгуулийн онцлог нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа учраас аймгийн ЭМГ, ОБГ, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудын албан хааагчид нэмэлт хүчээр хамтран ажиллаж байгаа гэдгийг хэлье. Сэлэнгэ аймгийн тухайд 106854 хүн амтай. Эдгээрээс  сонгуулийн насны 73242 сонгогч байна.

-Сонгуулийн урд өдөр зөөврийн хайрцгаар зарим иргэдээс санал авах үйл ажиллагаа болдог. Энэ ажил маань хэрхэн бэлтгэлээ хангасан бэ?

-Зөөврийн хайрцгаар санал хүлээн авах ажлыг маргааш буюу 23-ны өдөр улсын хэмжээнд өглөө 08.00-20.00 цагт зохион байгуулна. Энэ зөөврийн хайрцгаар санал авах хүмүүст үнэхээр өөрийн биеэр ирж саналаа өгөх боломжгүй хүмүүс хамаардаг. Тухайлбал:

-Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй
-Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа
-Зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон

-Эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч

-Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй буюу хэвтэрт, гэрийн асаргаанд байдаг гэх зэрэг шалтгаант сонгогч хамрагдана.

-Энэ жилийн сонгуулийн үйл ажиллагаа дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед болж байна. Хэсгийн хороодын зүгээс санал өгөхөөр ирж буй иргэдэд хэрхэн үйлчлэх вэ?

-Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбогдуулаад Улсын Онцгой комисс болон Сонгуулийн Ерөнхий хорооноос бүх сонгогчдын тоогоор нэг удаагийн бээлий, амны хаалт, гар ариутгагч гээд бүх зүйлээр хангасан байгаа. Ингээд санал өгөхөөр ирсэн иргэдэд холбогдох ажилтнууд тосож угтаад ариутгал, халдваргүйтгэлийн бүх асуудлыг хийхээр бэлтгэл хангасан байгаа. Үндсэндээ санал өгөх явцад гурван удаагийн ариутгал хийнэ. Санал өгөхөөр орж ирсэн үеэс эхлээд машинд хурууны хээгээ уншуулах, дараа нь саналын хуудсаа өгсний дараа бээлийгээ тайлаад гараа ариутгаад гарах жишээтэй байхаар бүх зүйл журамлагдсан байгаа.

Үүнтэй холбогдуулан сонгуулийн үед коронавирусний халдвараас хэрхэн сэргийлэх асуудлаар Засгийн газрын 188 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу бид ажиллана. Манай сонгуулийн хорооноос ажлын хэсэг гараад бүх хэсгийн хороодын бэлтгэл ажилтай танилцсан. Шалгалтаар манайхан бэлтгэл ажлаа маш сайн хангасан байна. Сонгуулийн өдөр хэсгийн хороод дээр ажиллаж байгаа хүмүүсээс гадна нэмэлт хүчээр ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч, ОБГ-ын асуудал хариуцсан мэрэгжилтэн, мөн ЭМГ-ын ажилтнууд урьдчилан сэргийлэхтэй холбоотой ажилд хяналт тавих, дэг журам сахиулах, сонгогчийг саналаа өгөхөд зай баримтлах гэх мэт ажлуудыг зохион байгуулан оролцох юм. Манай аймгийн Сонгуулийн хороо бүх бэлтгэлийг бүрэн хангасан байгаа.