АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО СУМДЫН СОНГУУЛИЙН ХОРООТОЙ ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн сонгуулийн хорооноос энэ сарын 10-ны өдөр 17 сумдын сонгуулийн хороотой цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар сонгуулийн хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллахад анхаарах асуудлуудын талаар аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Бямбаа мэдээлэл өглөө.

Мөн УБХ-ийн дарга Б.Саранчимэг ”Улсын бүртгэлийн хэлтсээс УИХ-ын сонгуулийн явцад хэрхэн ажиллах талаар гаргасан төлөвлөгөөний дагуу санал авах байр, ажилчдын судалгаа гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх заалтын дагуу сонгогчдын нэрсийн жагсаалтыг хуулийн хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд 11-12-ны өдрүүдэд технологийн сургалтад бүрэн бүрэлдхүүнээрээ оролцоно. Иймээс энэ өдрүүдэд иргэдэд үйлчлэхгүй болсон тухайгаа мэдэгдлээ.  

Сургалтын үеэр хамгийн чухал хэлэлцсэн зүйл бол аймгийн Сонгуулийн хорооны гишүүн, Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамцын өгсөн “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын хэрэгжилтийг хангуулах тухай мэдээлэл байв. Хуулийн хүрээнд хэрхэн ажиллах талаар оролцогчид асуулт асууж байв. Сургалтын төгсгөлд аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа сонгуулийн үеэр хуулиа дээдэлж, дүрэм журмаа сайтар баримтлан ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

Тус сургалтад аймгийн сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа, болон нарийн бичгийн дарга Д.Бямбаа, хэсгийн хороодын дарга нар, аймгийн ЭМГ, ОБГ, Цагдаагийн газар, Тагнуулын газар болон сонгууль эрхэлсэн байгууллагын менежер, шадар туслагчийн төлөөлөл оролцлоо.