ЗУЛ БИЧИГ

Лувсандагвын БЯМБАА

(1956-2020)

 

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн дарга Лувсандагва овогтой Бямбаа нь хүнд өвчний учир бурхны хутгийг оллоо.

Л.Бямбаа нь 1956 оны 2 дугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Аав ээжийнхээ асрамжинд ясль, цэцэрлэгээр хүмүүжиж 1974 онд Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургууль, МУИС-ын Орос хэл-Утга зохиолын анги, 1987 онд ЗХУ-ын Москва хотод Комсомолын дээд сургуулийн дээд курсийг тус тус төгссөн.

Улсын дээд, тусгай, дунд техник мэргэжлийн боловсролын хорооны томилолтоор Дархан хотын Шарын голын Усны аж ахуйн техникум, Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай дунд сургуульд багш, Сэлэнгэ аймгийн Хувьсгалт Залуучуудын Хороонд үзэл суртлын хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Хувьсгалт Залуучуудын хорооны дарга, Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч, “Далай Од” ХХК-ийн захирал, “Сэлэнгийн мэдээ” сонины менежер, “Шинэ ГЭГЭЭ” сонины эрхлэгч, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Музейн даргаар ажиллаж байлаа.

Тэрээр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатарын туг” сонины идэвхитэн сурвалжлагч, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан тэргүүлэгч, Сэлэнгэ аймгийн  “Барселон” Олимпийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж байв.

Л.Бямбаа  Сэлэнгэ аймгийн нам эвлэлийн ажлаас эхлээд соёл олон нийт хэвлэл мэлээллийн салбарт тасралтгүй ажилласан мэргэшсэн боловсон хүчин, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, үлгэрлэн манлайлагч, өндөр соёлтой, дайчин зохион байгуулагч байлаа.

Тэрээр аймгийн Нэгдсэн Музейн даргаар ажиллаж байхдаа сан хөмрөгөө баяжуулах, орон байраа засах, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх ажилд цаг наргүй зүтгэж байсан юм. Байгууллагынхаа дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг хэвийн явуулахад гол анхаарлаа хандуулж, төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулахад онцгойлон анхаарч, орлогын төлөвлөгөөг жил бүр 20-30 хувиар давуулан биелүүлж зардлаа хэмнэн ажилласны үр дүнд аймгийн Нэгдсэн Музей 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар итгэл хүлээсэн байгууллага болсон билээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж Залуучуудын холбооны 80, 90 жилийн ойн медаль, МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, МХАҮТанхимын дээд шагнал “Хийморь” одон, МҮОХорооны “Алтан медаль”, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны “Тэргүүний ажил олгогч” цол тэмдэг, хэвлэл мэдээллийн “Шилдэг менежер”-ээр шагнан урамшуулж байв.

МХЗЭ-ийн дайчин дарга, суртал нэвтрүүлэгч Л.Бямбаагийн энгийн элгэмсэг дүр, бусдын төлөө гэсэн нэнжин сэтгэл, хөдөлмөрч бүтээлч, дайчин зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

 Талийгаачийн ар гэр, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ           ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР